Чуулган: Авлига, албан тушаалын хэрэгт тэнсэх ял оногдуулах боломжгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн
халдашгүй бүрэн эрхээр халхавчлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр
эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй
байхаар зүйлчилсэн. Иймд эрх
бүхий байгууллагаас хөөн
хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсны дараагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, мөн хөөн хэлэлцэх хугацаа
дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдэж
олсон орлого, хөрөнгийг хурааж, улсын төсөвт төвлөрүүлдэггүй байдлыг халж, уг хөрөнгө орлогыг хурааж, улсын орлого болгох, авлига,
албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн
зохицуулалтыг хүчингүй болгох зэрэг
өөрчлөлтийг нэмэлтээр тусгасан байна.
Түүнчлэн
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын
гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар уг төсөлд тусгасан байна. Тухайлбал, зарим гэмт хэргийн үндсэн болон
хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн
албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар эсвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх
насаар нь хасахаар тусгасан аж.
Үүний зэрэгцээ гэмт
хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар болон гэмт хэргийг нотлоход дэмжлэг
үзүүлсэн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял
оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчлөлтүүдийг төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд үг хэлж, тайлбар шаардсан гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ манай улс хуульгүйдсэн зүйлгүй, гол нь хуулийн хэрэгжилтийг хангуулахгүй байгаад асуудлын учиг оршиж байна гэсэн байр суурь илэрхийлж байв. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх нэг хэлбэр бол ялын бодлого. Гэхдээ ганц ялын бодлогоор авлигатай тэмцэнэ гэвэл өрөөсгөл явдал болно. Иймд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ухаалгаар шийдэх хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэнэ гэдэг бол шинжлэх ухаан. Жагсагчдын шаардлагаар хуулиа өөрчилнө гэдэг мөн л өрөөсгөл” гэсэн байр суурь илэрхийлсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс ажлын хэсэгт хандаж хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж буй өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, хөөн хэлэлцэх хугацааг амьдрал дээр хэрэглэхийн давуу ба сул тал зэрэг асуудлаар тайлбар авсан. Ажлын хэсгээс прокурорын шийдвэрийг харгалзаж хялбаршуулсан байдлаар хэргийг шийдвэрлэдэг. Одоогийн байдлаар нийт хэргийн 30-40 хувийг нь хялбаршуулсан байдлаар шийдвэрлэдэг болохыг хэлсэн. Мөн өнөөгийн яригдаж буй хуулийн төсөлд туссанаар бол шүүх авлига, албан тушаалын хэрэгт тэнсэх ял оногдуулах боломжгүй. Ер нь ялын бодлогыг чангатгах замаар авлига, хээл хахуулийн хэргийг бүрэн шийдэхгүй. Цаашид тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэсэн хариултыг өгсөн юм.