ХОВД: Ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-16 17:30:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог цэвэрлэгээний ажил” өрнөж байна.   

Тодруулбал,  Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран нийтийг хамарсан ажлын хүрээнд тус сумын 130 гаруй ажилгүй иргэнийг цалинжуулан, тусгай хуваарийн дагуу энэхүү хур хог хаягдлыг цэвэрлүүлж байгаа юм.  

Өнөөдрийн байдлаар 65 машин буюу 65 тонн хог хаягдал төвлөрүүлж, хогийн нэгдсэн цэгт тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ.  

Хог цэвэрлэгээний ажил төлөвлөлтийн дагуу 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.  Хамгийн гол нь ажилгүй иргэдийг түр ажлын байртай болгож, тодорхой газруудад хуримтлагдсан хог хаягдал, орчны бохирдлыг бууруулж байгаагаараа онцлогтой. 

Иргэд хогоо хогийн саванд хийхгүй, зориулалтын бус газарт их хэмжээгээр хог хаяснаас шалтгаалан орчны бохирдол үүсдэг. Иймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс хогоо хогийн саванд хийж, зориулалтын цэгт хүргэж хэвшихийг уриаллаа. 


Холбоотой мэдээ