Чуулган: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Уг нэмэлт өөрчлөлтөөр халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгасан байна. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй болж байна.
Түүнчлэн эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд иргэд олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан асуудал бол эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээд асар их хохирол учруулсан атал 40 сая төгрөг төлөөд өнгөрдөг боллоо гэж иргэд бухимдаж байсан. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эл гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицуулжээ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг хурааж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг зохицуулалттай болов.