ЗАВХАН: Тухайн жилийн шинэ ургацын бүтээгдэхүүн эрэлт их байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-21 12:10:41

Завхан /МОНЦАМЭ/. Дөрвөлжин суманд үйлдвэрлэдэг байгалийн зэрлэг чацарганаар хийсэн бүтээгдэхүүнүүд эрэлт ихтэй байна.

”Хомын тал чацаргана” ХХК нь гурав дахь жилдээ сумандаа үйлдвэрлэл явуулж байгаа. Тус үйлдвэр өөрийн сумын нутагт ургадаг байгалийн зэрлэг чацарганаар таван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ба үнийн хувьд зах зээл дэх ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс хямд борлуулдаг. Жил бүрийн 11, 12 дугаар сард эрэлт их байдаг.

Учир нь жил бүрийн 11-р сараас шинэ ургацын чацарганаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах эрэлт ихэсдэг. Байгальд ургаж байгаа чацарганыг жилийн 11-р сараас эхлэн ид хүйтний улиралд модыг нь гэмтээхгүйгээр хурааж, түүж авдаг. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн шинэ ургацаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлдэг. Түүхий эд нь шинэ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар амт, шинэ гэдэг утгаар 11 дүгээр сараас хоёрдугаар сар хүртэлх бүтээгдэхүүн эрэлт их байдаг.


Зэрлэг буюу байгалийн чацаргана нь өргөстэй, хүйтэнд тэсвэртэй, тослог ихтэй. Манай говь нутагт ургадаг чацаргана нь чацарганын дэд зүйл болох Hippophae rhamnoides L.ssp mongolica Rous –ийн төрөл зүйл юм билээ. Энэ төрөл зүйл, байгалийн чацарганын химийн бүрэлдэхүүнийг авч үзвэл сахар 4,6-6,7 хувь, тослог 1,5-4,0 хувь, “С” амин 107,0-149,6 мг/ хувь агуулагддаг байна.

Жимс жимсгэнэ нь витамин, эрдэс бодис, антиоксидант, уураг, эслэг ихээр агуулдаг.

Тиймээс цитрус жимсээс 9-12 дахин их витамин С агуулдаг. Чацаргана жимс нь кали, кальци, магни, төмөр, фосфор, чухал амин хүчил, каротиноид, түүнчлэн их хэмжээний фолийн хүчил, биотин, В1, В2, В6, С, Е витамин агуулдаг. Тийм учраас манай бүтээгдэхүүн жинхэнэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн болж чаддаг.

Өнөөдөр манай үйлдвэр чацарганын өтгөрүүлсэн шүүс, чацарганын ундаа, чацарганын тос, чацарганатай цай, чацарганатай зайрмаг гээд таван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тиймээс жимсний хаан гэгддэг зэрлэг чацарганын бүтээгдэхүүнийг худалдан авч, байнгын хэрэглээгээ болгодог иргэд олон гэж “Хомын тал чацаргана” ХХК-аас мэдээлэв.

Ташрамд, тус үйлдвэр Хомын тал төрийн бус байгууллагатай хамтран нийт 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоногт 0.5 тонн жимс, жимсгэнэ боловсруулах хүчин чадалтай бага оврын үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулсан. Дөрвөлжин суманд шинэ үйлдвэр ашиглалтад орсноор таван хүний ажлын байрыг бий болгожээ. Тус үйлдвэрийн гол түүхий эд нь өөрийн сумынх нь нутагт ургадаг Хар бутны зэрлэг чацаргана юм. Тодруулбал Завхан голын эрэг дагуу их Монголын элсний хаяагаар ургах Хар бут, Улаан бураагийн чацарганын шугуйгаас байгалийн зэрлэг чацарганыг бэлтгэн түүж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг аж.  

Холбоотой мэдээ