ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ: С.Бямбацогт: 7240 жолооч Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэлт гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-21 14:39:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцож, хилээр нэвтрэх C төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олголт болон битүүмжлэгдсэн тээврийн багийн зохион байгуулалт зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр мэдээлэлдээ “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 2011 онд шинэчлэн баталсан. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын протоколыг мөн онд байгуулсан. Энэхүү хэлэлцээрт хэлэлцэн тохирогч талууд нөгөө талынхаа нутаг дэвсгэрт нэвтрэх тээврийн хэрэгсэлд нөгөө талаас өгсөн зөвшөөрлийн бичиг олгон хил нэвтрүүлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд БНХАУ-тай зорчигчийн байнгын тээвэр буюу “А” төрөл /тухайн жилдээ хүчинтэй/, байнгын бус зорчигч тээвэр буюу “B” төрөл /нэг удаагийн/, байнгын ачаа тээврийн буюу “C” төрөл /гурван сарын хугацаанд олон удаа хил нэвтрэх/, түр хугацааны ачаа тээвэр буюу “D” /нэг удаагийн/, овор ихтэй ачаа тээврийн буюу “E” төрөл /нэг удаагийн/, аюултай ачаа тээврийн буюу “F” төрөл /нэг удаагийн/, зорчигчийн тогтмол тээврийн автобусыг дагаж тээш тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгодог “A-C” гэсэн төрлийн зөвшөөрлийн бичгийг солилцон ашиглаж байна.


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын дагуу хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олголтыг 2013 оноос өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар хариуцаж байгаад уг агентлаг татан буугдсанаас хойш “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протоколын дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон ШУӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимуудтай жил бүр уулзалт зохион байгуулж, харилцан тээвэрлэлт хийх зорчих зөвшөөрлийн бичгийн тоог тохирч харилцан тэнцүү хэмжээгээр солилцдог. 


Монгол Улсад коронавирусийн тархалт 2021 онд тэлсэн тул БНХАУ-ын Ганцмод боомтын удирдлагын зүгээс халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор монгол жолооч нараас коронавирусийн шинжилгээ авч, тухайн өдрийн шинжилгээнд хамрагдсан жолооч нараас нэг эерэг тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд нүүрс тээвэрлэлтийг 14 хоногоор зогсоож байсан. Үүнтэй холбоотойгоор хятадын талаас тавьсан шаардлагын дагуу манай талаас экспортын тээвэрлэлтийг зогсоохгүй тасралтгүй явуулах зорилгоор жолооч нарыг битүүмжлэгдсэн тээврийн багийн зохион байгуулалтад оруулсан. Хэрэв коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарвал тухайн битүүмжлэгдсэн тээвэрлэлтийн багийг 21 хоногийн хугацаанд тээвэрлэлтэд оруулахгүйгээр хааж, шинжилгээний хариу сөрөг гарсан бусад битүүмжлэгдсэн тээврийн баг дахь жолооч нарыг тээвэрлэлтэд оролцуулж, экспортын тээвэрлэлтийн тасралтгүй байдлыг хангаж байв. Өнгөрсөн оны 8 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар энэхүү ажиллагааг журам болгон батлан хэрэгжүүлж байгаад тухайн оны 11 дүгээр сараас Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Гашуунсухайт боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журмаар зохицуулах болсон. Үүний дараа энэ оны 2 дугаар сараас Шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журмыг баталсан юм. Батлагдсан журмын хүрээнд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн /хуучнаар/ ажлын алба, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, Хилийн боомтын зөвлөл, Гашуунсухайт дахь шуурхай штаб, автотээвэр, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, ХӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд хамтран улс хоорондын ачаа тээвэрлэлтийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар битүүмжлэгдсэн багийн зохион байгуулалтад 393 багийн 5449 жолооч, тээврийн хэрэгсэл, терминал тээврийн 78 багийн 365 жолооч, тээврийн хэрэгсэл, “Чалко” өргөтгөсөн 1 баг 98 жолооч, тээврийн хэрэгсэл, задгай тээврийн 121 багийн 1328 жолооч, тээврийн хэрэгсэл, нийт 173 аж ахуй нэгжийн 593 битүүмжлэгдсэн тээврийн багийн 7240 жолооч, тээврийн хэрэгсэл Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэж байна" хэмээв.

Холбоотой мэдээ