Өвөл, хаврын бэлчээрийн даацыг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-08-29 21:55:48

Говь-Алтай аймгийн УЦУОШ-ний албанаас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргажээ.

Зуншлагын байдал нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд гандуу энэ зун ихэнх нутгаар зуншлага хэвийн байжээ. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргахад 45 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 36 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 17 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, нэг хувь  нь даац 3-5 дахин хэтэрсэн, нэг хувь нь даац олон дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл нутгийн 81 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байгаа ажээ. Харин нутгийн 19 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна. Энэ жил Говь-Алтай аймгийн ихэнх сум, багийн нутгаар зуншлага харьцангуй сайн байсан нь бэлчээрийн даац хүрэлцээтэй гарах үндсэн нөхцөл боллоо. Харин Цогт сумын Гэгээт багт олон дахин хэтэрсэн, Дарив сумын Хужирт багт 3-5 дахин хэтэрсэн, Цогт сумын Далан, Баян-Өндөр, Баян-Уул сумын Баянхайрхан, Баянговь, Дарив сумын Ихэс, Жавхлант багууд, Есөнбулаг сумын Рашаант, Дэлгэр сумын Гуулин тосгон, Бигэр сумын Мянгай, Цээл сумын Бүрэн, Шарга сумын Баянгол, Тонхил сумын Алтайн-Оргил, Хөхморьт сумын Цоохор нуур багуудын нутгаар даац 1-3 дахин хэтэрч гарлаа. Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул эртнээс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байгааг анхааруулжээ.

 

                                                                                    Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ