Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 9 эрэгтэй, 2 эмэгтэй гишүүнтэйгээр байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-06 10:27:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хуралдааныг даргалагч хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.


Өнөөдрийн хуралдаанаар нийт 88 хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосны зэрэгцээ Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ. Үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар”-х Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товлосныг УИХ-ын дарга хэллээ. 



Ингээд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас Төрийн байгуулалтын байнгын хороо руу буцаагдсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийн нэрсийг батлах явдал юм. Анх оруулж ирсэн хувилбарт эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулсангүй гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд чуулганы өчигдрийн хуралдааны үеэр дэвшүүлсэн тул байнгын хороо өчигдөр дахин хуралдаж, нэрсийг шинэчлэн оруулж ирсэн байв. Үүнд,


1.    Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин

2.    Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг

3.    Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс

4.   Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар

5.   Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар

6.    Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од

7.    Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах

8.    Радио электроникийн инженер Д.Моондой

9.    “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан

10.  МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан

11.  Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын нэрс багтсан байна. Эдгээр нэрс дотор өмнө нь нэр дэвшсэн 9 эрэгтэй болон хоёр эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн аж.



Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсаар байвал энэ хууль чинь сэг болно. Бид энэ удаа өөрчлөлт оруулвал, дараагийн улстөрчид мөн эл хуульд өөрчлөлт оруулах гэнэ. Хэрэв өөрчлөлт оруулах дээрээ тулвал Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Үндсэн хууль бол бидний хамгийн дээд дүрэм. Үндсэн хуульдаа үе үе өөрчлөлт оруулах нь үндэсний эрх ашигт нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэхүү зөвлөлдөх санал асуулгад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн тодорхойлж, гарц гаргалгаа гаргана” гэсэн зорилтыг дэвшүүлсэн хэмээсэн тайлбарыг өглөө.


Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжин батлав.

  

Холбоотой мэдээ