Тусгай нүдний шил шаардлагагүй "3D" зөөврийн компьютер танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-01-08 11:23:50

ЛАС-ВЕГАС. /The Verge/. Тайваньд төвтэй үндэстэн дамнасан “AsusTek Computer Inc” корпорац “CES2023” үзэсгэлэнгийн үеэр тусгай нүдний шилгүйгээр гурван хэмжээст контент үзэх, ийм контентууд дээр ажиллах боломжийг хэрэглэгчдэд олгох дэлхийн анхны зөөврийн компьютер бүтээснээ танилцууллаа.  


Ийм технологийг өмнө нь цөөн тооны зөөврийн компьютер болон дэлгэцэнд ашиглаж байсан бол “Asus” анх удаагаа зөөврийн компьютерын “OLED” дэлгэц дээр хэрэгжүүлж байгаа ажээ.


Энэ оны хоёрдугаар улиралд худалдаанд гарах “ProArt StudioBook 16 3D OLED” (H7604) болон “Vivobook Pro 16 3D OLED” (K6604) зөөврийн компьютеруудад “Spatial Vision” технологийг ашиглах боломжтой болно.


“Spatial Vision” нь тусгай нүдний шилгүй зөөврийн компьютерт зориулсан “3D OLED” дэлгэцийн дэлхийн анхны технологи гэнэ.  


Энэ технологид хоёр тал нь гүдгэр линз болон хяналтын камерын дэвшилтэт технологийг хослуулан ашиглах ажээ. Эдгээр нь нүд тус бүрд тусдаа дүрслэл үүсгэж, байрлалыг нь тохируулахын тулд толгой болон нүдний хөдөлгөөнийг хянах аж.

Ийм дэлгэцээр хэрэглэгчид 2D болон 3D горимуудын хооронд шилжих боломжтой гэнэ. 


Зөөврийн компьютерууд нь 3200x2000 нягтаршилтай, 120 Гц хүртэлх давтамжтай шинэчлэх боломжтой 16 инчийн "OLED" дэлгэцээр тоноглогдсон байх юм.




Холбоотой мэдээ