Германд нүүрсний уурхайг өргөтгөхийг эсэргүүцсэн жагсаалд олон мянган хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-01-15 12:32:37

БЕРЛИН. /AP/. Германы баруун нутагт орших Гарцвейлерийн нүүрсний уурхайг өргөтгөх ажлын хүрээнд Люцерат тосгоныг нураахаар болсныг эсэргүүцсэн жагсаалд олон мянган хүн оролцож, уурхай руу ойртохыг оролдсон жагсагчид цагдаа нартай зөрчилджээ.


Шведийн идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг мөн бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна. Зохион байгуулагчдын зүгээс жагсаалд 35 мянга орчим хүн оролцсон хэмээн мэдэгдсэн бол цагдаа нар 15 мянган хүн байсан гэж мэдээлж байна.


Жагсагчдын зарим нь уурхай руу ойртож очихыг завдсан бөгөөд Германы “dpa ” агентлагийн мэдээлснээр, цагдаа нар усан буу, бороохой ашиглажээ. Улмаар нөхцөл байдал харанхуй болоход намжсан байна.


Г.Тунберг хэлэхдээ, Лютцератын хувь заяа хийгээд уурхайн өргөтгөл нь зөвхөн Германд холбоотой асуудал биш гэдгийг тодотгоод, “Герман шиг CO2-ыг хамгийн их ялгаруулагч оронд болж буй ийм үйл явдал нь мэдээжийн хэрэг хүн бүрт, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг хамгийн ихээр үүрч буй хүмүүст нөлөөлнө” хэмээн ярьсан байна. 

Холбоотой мэдээ