Хавирга боомтыг энэ сарын 19-нд нээхээр төлөвлөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын, урд хөрштэй хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган боомтоор тээвэрлэлт хийж байна. Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-наас нээсэн бөгөөд Гашуунсухайт, Булган боомтоор ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ.
Түүнчлэн, Сүмбэр, Даян боомтыг одоогоор нээгээгүй байгаа бөгөөд Хавирга боомтыг 1 дүгээр сарын 19-нөөс нээх төлөвтэйг ЗТХЯ мэдээлэв. ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд 2 талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, Алтанбулаг, Цагааннуур боомтоор зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ үргэлжилж байна.
Тус боомтууд дахь зорчигч болон ачаа тээвэр, тээврийн үнийн
талаар ЗТХЯ-ны Автотээврийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодруулахад, “Замын-Үүд боомтоор өдөрт
80-104 ачааны автомашин, том оврын 7-12 автобус, 120-294 зорчигч БНХАУ-руу нэвтрэн тээвэрлэлт хийж, экспортын 10-15 машин гарч байна. Тарифын
хувьд Эрээнээс Замын-Үүд рүү 24
тн ачаа 7200-8100 юань буюу 3-4
тэрбум, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 6-8 тэрбум төгрөгийн
ханштай байна. Цар тахлын үетэй харьцуулбал ачаа, тээврийн үнэ буурах төлөвтэй. Ханги боомтоор өдөрт 60-252
тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, 4.380-18.400 тн нүүрс, уул уурхайн
бүтээгдэхүүн тээвэрлэж байна. Үнэ
тарифын хувьд Гаалийн хяналтын талбайгаас 1 тонн нүүрс 21.630 төгрөгийн ханштай байгаа” гэлээ.
Бичигт боомтоор өдөрт 50-75 тээврийн хэрэгсэл нэвтрэн, хилийн шугам дээр ачаа солилцох
байдлаар 3.910-5.000 тн нүүрс,
уул уурхайн бүтээгдэхүүний,
тээвэрлэж байна. Гашуунсухайт
боомтоор өдөрт нүүрс тээврийн 586-831 автомашинаар 73-103 мянган тн нүүрс, 25-50 автомашин
1.100-2.200 тн зэсийн баяжмал, импортын ачааны 8-17 автомашин хилээр нэвтрэн
тээвэрлэлт хийж байна. Уртын
тээвэрт тн тутамд 56650 төгрөг,
богинын тээвэрт 146780 төгрөгийн ханштай байв. Мөн Шивээхүрэн
боомтоор өдөрт нүүрс тээврийн 135-288 автомашин хилээр нэвтрэн
20.500-42.560 тн нүүрсний экспортолж
байна. Тарифын хувьд 1 тн тутамд 36 мянган төгрөгийн ханштай байв. Одоогоор хилийн шугам дээр чингэлэг солилцож байгаа бөгөөд удахгүй хятадын тал руу
жолооч нарыг нэвтрүүлэх аж.
Баянхошуу боомтоор өдөрт 46-50 орчим тээврийн хэрэгсэл
хилээр нэвтэрч 11.900-12.100 баррель газрын тосыг хилийн шугам дээр чиргүүл
солилцох байдлаар тээвэрлэж, Булган боомтоор ачаа зорчигч тээвэрлэлт хэвийн горимд шилжжээ. Өдөрт 30-60 орчим тээврийн хэрэгсэл
3.750-4.400 тн, харин Бургастай
боомтоор өдөрт 10-60 орчим тээврийн хэрэгсэл 300-500 тн төмрийн хүдэр тээвэрлэж байна.
Түүнчлэн, Алтанбулаг
боомтоор өдөрт импортын 220,4-425,0 тн ачаатай 13-24 тээврийн
хэрэгсэл, Цагааннуур боомтоор 20-25 тээврийн хэрэгсэл, Боршоо
боомтоор 50-277,5 тн ачаа бүхий 6-12 орчим ачааны автомашин орж иржээ.