ӨВӨРХАНГАЙ: Б.Бат-Эрдэнэ: Гэр бүлээрээ аялж, амарч яваа хүмүүс музей үзэх сонирхолтой болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-19 11:58:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орон нутагт дотоод, гадаадын зочид гийчдийн сонирхлыг зүй ёсоор татдаг газар бол музей юм. Тухайн нутаг орны онцлог, түүх, соёл, бахархал зэргийг музейн үзмэрүүдээс төвөггүй мэдэж болно. Тэрчлэн соёлын өвөөр дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх чухал үүргийг музей гүйцэтгэдэг.

 Өвөрхангай аймгийн Музейн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.


- Аймгийн Музейн талаар танилцуулах уу. Онцлог, сонин эд зүйл юу байна вэ?

- Өвөрхангай аймгийн музей нь 1951 онд Гэгээрлийн хэлтсийн дэргэд “Сургалтын арга зүйн кабинет” нэртэйгээр 200 гаруй үзмэртэй байгуулсан юм. 1966 онд “Орон нутаг судлах кабинет” болж өргөжсөн. 1993 оноос музейн үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдэж зөвхөн орон нутаг судлах төдийгөөр хязгаарлагдах биш сургалт, танин мэдэхүйн орон нутгийн ба эх орны түүх, соёлыг дэлгэрүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн музей гэж нэрлэх болсон.


1978 онд Музейн хоёр давхар шинэ барилга ашиглалтад орж, 40 гаруй жил эндээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Өвөрхангай аймгийн музей нь дотроо байгаль - газарзүй, ан амьтан, эртний түүх, угсаатны зүй, сийлбэр, алдар гавьяатан, цэргийн гэсэн долоон танхимаас бүрддэг. Мөн өндөр гэгээн Занабазарын болон Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн салбар музейтэй. Энд тухайн хүмүүсийн намтар, уран бүтээл, эдэлж хэрэглэж явсан эд зүйл зэргийг харуулсан байдаг.


Бусад аймгийн Музейгээс ялгарах зүйл гэвэл Сийлбэрийн танхим юм. Өвөрхангайнхан сийлбэрийн урлалаараа улсад алдартай. Дээхнэ үед ном барладаг олон газар байсан боловч хамгийн алдартай нь “Барт хүрээ” хэмээх одоогийн Арвайхээр хот байсан. 


Тийм ч учраас сийлбэрийн төрлөөр ардын болон гавьяат цол хүртсэн таван хүн бүгд Өвөрхангайнх. Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар, Л.Чуваамэд нарын алдартнуудыг залгамжилсан, өвлөсөн ур чадвартай сийлбэрчид одоо ч төрөн гарсаар байна. Эдгээр  хүмүүсийн урласан, сийлсэн бүтээлүүдээр бүтэн нэг танхимыг тохижуулсан. 

Мөн Өвөрхангай аймаг маань эртнээс шашин, соёлын том төв байсан учраас уран гоё хийц, сийлбэртэй бурхдын хөрөг, зээгт наамлууд олон бий.



- Орон нутгийн ахуй амьдрал, эртний эд зүйлийг харуулсан өвөрмөц үзмэр бий болов уу?

- Манай аймаг газарзүйн олон янзын бүс бүслүүрт оршдог. Хойд хэсгээрээ ой модтой, уулархаг учраас зэрлэг гахай, буга ихтэй. Төв буюу тал хээрийн бүсэд тарвага, цагаан зээр, хар сүүлт гэх амьтад олонтой. Говийн бүс болох Арц богдын нуруунд ирвэс хүртэл байдаг. Энэ амьтдын чихмэлүүдийг дэлгэн тавьсан байна.

Угсаатны зүйн танхимд сархинаган тоонотой гэр байдаг. Тооныг нь угсардаг, нүүдлийн зориулалттай гэр гэсэн үг. Аймгийн нутаг дэвсгэрт байдаг утаат болор, цагаан болор гэх мэт ашигт малтмалын дээжүүд, мөн байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудын зургийг дэлгэсэн.

Манай аймаг халх ястнаас бүрдсэн учир халхынхны эдэлж хэрэглэдэг хувцас хунар, эд зүйл түгээмэл бий. Эртний түүхийн танхимд Хүрэл зэвсгийн үед хамаарах багаж зэвсгүүд, тогоо, хүн чулуу, буган хөшөө, дөрвөлжин булшнаас олдсон олдворууд байдаг.


- Музейн үзэгчид хэр олон байдаг вэ? Үнийн тухайд...

- Хүүхдүүд анги, хамт олноороо ирдэг. Сүүлийн жилүүдэд музейн үзэгчдийн бүтэц их өөрчлөгдөж байгаа. Урьд нь музейг гадаадын жуулчид эсвэл хамт олноороо яваа албан байгууллагынхан үздэг байсан бол одоо дотоодын иргэд гэр бүлээрээ орж ирдэг болсон. Ялангуяа зуны улиралд гэр бүлээрээ аялж, амарч яваа хүмүүс музей үзэх сонирхолтой болсон.

Үнийн хувьд том хүн 5000, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн 2000 төгрөг, 16 хүртэлх насны хүүхдүүд үнэгүй үздэг.



- Аймгийн шинэ Музейн барилгыг барьж байна. Хэзээ ашиглалтад орох вэ?

- Улсын төсвийн хөрөнгөөр Олон улсын Музейн стандарт шаардлагад нийцсэн, шинэ цагийн Музейтэй болохоор барилгыг барьж байна. Энэ онд ашиглалтад орно.


Музей зөвхөн гоё барилгаар хэмжигдэхгүй. Дотоод тохижуулалт нь барилга барихаас илүү ажил ихтэй байдаг. Үзүүллэг, дэглэлт, интерьер дизайн, уран сайхны шийдэл ... үзмэр цуглуулга гэхэд аль талаас нь гэрэл тусгах вэ, дотоод чийгшил, температур ямар түвшинд байх вэ гээд нарийн ажиллагаатай.


Аймгийн шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг, дэглэлтийн бэлтгэл ажлыг хангах, судалгаа боловсруулалтыг хийх Ажлын багийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар баталж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулан ажиллаж байна.  Ажлын багт Японы Соёлын өвийн гадаад хамтын ажиллагааны консорциумын гишүүн, сэргээн засварлагч, зураач, доктор О.Ангарагсүрэн тэргүүтэй 8 эрдэмтэн, судлаач нар хамтран ажиллаж байна.

Одоо барьж байгаа музей 3 мянга орчим м/кв талбайтай, 4 давхар, түр болон байнгын үзүүллэгийн 9 танхим, мөн 108 хүний суудал бүхий хурлын танхимтай байхаар зураг төсөл хийгдсэн. Кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, үзэсгэлэнгийн танхим бас байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ