ЗАВХАН: Шилжин ирэгсдийг ажлын байраар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-19 17:42:33

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгжийг дэмжиж ажлын байр, хөнгөлөлттэй зээлд хамруулна.


Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 419 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 56 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 157-р захирамжаар байгуулсан ажлын багийн 2022-2024 онд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хөдөө орон нутагт шилжин суурьшигчдыг дэмжих хөтөлбөрийг аймаг бүр хэрэгжүүлж байна.


Улаанбаатар хотоос шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх. Орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг дэмжих зорилго бүхий “Нээлттэй Завхан” хөтөлбөрт санал авах, зөвлөлдөх хэлэлцүүлгийг Улиастайд зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт Завхан аймгийг хариуцсан ажлын багийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймаг, сумын удирдлага, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нар оролцсон юм. Хөтөлбөрийн хүрээнд Завхан аймагт шилжин ирж суурьших, ажиллаж амьдрахаар шилжин ирэгсдийн тоог нэмэгдүүлэх.

Мөн хөдөөгөөс хот руу шилжих шилжилтийг багасгах. Орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг бодлогоор дэмжиж, хамтарч ажиллах замаар аймгийн хүн амын бодит өсөлтийг одоогийн хүн амын 10 хувьд хүргэх төлөвлөгөөг хэлэлцэж, боловсруулсан хөтөлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон.


Нээлттэй Завхан хөтөлбөр нь таван зорилттой. Юун түрүүнд, орон нутгаас шилжин явагсдын тоог бууруулах, шилжин ирэгсдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйцээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, шилжин ирэгсдийн бүртгэл гэх мэт. Шилжин явагсдын тоог бууруулах, шилжин ирэгсдийн тоог нэмэгдүүлэхэд төр, Иргэний нийгмийн байгууллага, ААН байгууллага, иргэд зэрэг, талуудын оролцоо, хамтын ажиллагааг бий болгож ажиллах нь чухал.


Мөн Завхан аймгийн онцлог, түүх, соёл, нөөц, боломжид суурилан хотоос ирэх, орон нутагтаа тогтвортой ажиллах иргэд, ААН, байгууллагын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх. Аймаг руу татах хүчин зүйлсийг нэмэгдүүлэх, түлхэх хүчин зүйлсийг бууруулах замаар эдийн засгийн таатай орчныг бүрдүүлнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, түүний үр дүнг орон нутаг руу татах зорилго, түүнд нөлөөлөх хүчин зүйлстэй уялдуулна гээд зорилтуудыг төлөвлөсөн байна. Мэдээж хөдөө орон нутагт шилжин ирэгсдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх нь чухал.

Тиймээс аймгийн дэд бүтцийг өргөтгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уялдаа холбоог хангах, хөрөнгө оруулалт татах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллана.


Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аймгийн брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон сурталчлах. Хамгийн гол нь орон нутагт шилжин ирэгсдийг ажлын байраар хангах, тэдний жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрийг дэмжихэд голлон анхаарна. Нээлттэй Завхан хөтөлбөрийн эхний үе шат нь нэгдүгээр улиралд хэрэгжинэ. Хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хөгжлийн хөтөлбөрүүд, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгө, хувийн хэвшлийн хандив, тусламжийн хөрөнгө гээд бусад санхүүжилтээр санхүүжүүлэх юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Завхан аймгийн хүн амын шилжилт хөдөлгөөн сүүлийн таван жил өсөлттэй байна

Хүн амын шилжилт хөдөлгөөний сүүлийн 10 жилийн дунджийг харахад жилд шилжин ирж буй хүнээс 2.1 дахин олон хүн шилжин явж байна.


Энэ нь маш олон шалтгаантай байна. Орон нутгаас шилжин явж буй иргэд нь хотын эдийн засаг, нийгмийн татах хүчин зүйл, уугуул нутгийн түлхэх хүчин зүйл, гэр бүлийн хүчин зүйл болон бусад хүчин зүйлүүдээс болж шилжиж байна. Тодруулж хэлбэл, орон нутгаас шилжин явж буй иргэдийн 89.3 хувь нь Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн татах хүч буюу хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх боломж, амьдралын илүү сайн нөхцөл, боловсролын чанар илүү, хүүхдийнхээ  боловсрол, ирээдүй амьдралын төлөө, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмчилгээ хийлгэхээр шилжжээ.


Харин 1.2 хувь нь уугуул нутагт бэлчээрийн/сууцны зориулалтын газар эзэмших боломж муу, нийгмийн үндсэн, зайлшгүй үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байдлаас болж шилжсэн байна. Гэрлэлт, гэр бүлийн гишүүдийн хамт шилжсэн, бусад хамаатан садантайгаа ойртох гэхчлэн шалтгаанаар 9 хувь нь шилжсэн байна. Гэхдээ хөдөө орон нутагт шилжиж ирсэн хүний тоо сүүлийн таван жилд мөн өссөн дүнтэй байна.

2018 онд 697, 2021 онд 1081 хүн орон нутагт шилжиж иржээ. Нээлттэй Завхан хөтөлбөрийг дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Статистик мэдээллээс үзэхэд, Завхан аймгийн хүн ам жил бүр өсөж байгаа, үйлдвэрлэл үйлчилгээ тодорхой хэмжээнд өргөжиж байна. Судалгаагаар жилд 253 аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч бүртгэгдэж, 201 түр ажлын байр гардаг. Эдгээр бизнес эрхлэгч байгууллагууд ашигтай, өсөж буй өргөжилттэй байх тохиолдолд үүнээс ч илүүгээр ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой юм. Тиймээс Нээлттэй Завхан хөтөлбөрийг үр дүнтэй, системтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Завхан аймгийн Статистикийн газраас мэдээлэв. 



Холбоотой мэдээ