Шинээр ирсэн автобусаа бүгдийг нь үйлчилгээнд гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирснийг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна.
Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинээр оруулж ирсэн автобуснуудыг бүртгэн, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 29, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 13 чиглэл буюу нийт 42 чиглэлд үйлчилгээнд гаргажээ. Нийслэлийн нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байгаа аж.
Шинэ автобусуудыг ямар байдлаар хуваарилсан, автобусны чиглэлд өөрчлөлт оруулсан эсэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодруулахад, "Нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй тул хуучин автобусууд үйлчилгээнд явж байхдаа эвдэрдэг, хүйтэн, тухгүй зэрэг асуудал байсан. Иймд үйлчилгээнд явах боломжгүй автобусны оронд шинийг гаргах буюу нөхөн хангаж байна. Ингэхдээ зорчигчдын урсгал их чиглэлд хүлээгдлийн хугацааг багасгахад анхаарсан. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх, хэвийн ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг багасгах хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээнэ. Тухайлбал, Жанжин-Кино үйлдвэр чиглэлийн эргэлтийн урт 10.9 км, хугацаа нь 48 минут болно. Энэ чиглэлд 9 автобус хөдөлгөөнд оролцсоноор хүлээгдлийн хугацаа 4-8 минутаар багасна. Дараагийн шинэ автобусууд ирэх сарын дунд үеэр ирнэ. Шинээр авах автобусны тоо, хугацаатай уялдуулаад чиглэлийн төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ" хэмээв.