ДУНДГОВЬ: 2023 онд боловсролын чанарыг сайжруулах зорилго дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-27 17:25:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын шийдвэрээр 2023 оныг “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын салбарын орчин нөхцөл, хүний нөөцийн хүртээмж, чадавхыг нэмэгдүүлэх замаар боловсролын чанарыг сайжруулах зорилго дэвшүүллээ.

2021-2022 оны хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлтээр Дундговь аймаг 21 аймаг, Улаанбаатар болон Багануур дүүргээс 18 дугаарт жагсаж, өмнөх жилийн үзүүлэлтээс 7 байраар ухарсан.

Тиймээс аймгийн удирдлагуудын зүгээс энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, нийт сурагчийн боловсролын түвшинг ахиулахад чиглэсэн ажлуудыг өнгөрсөн оноос хийж, эхэлсэн юм.

Тодруулбал, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Улаанбаатар хотын “Оюунлаг” сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Дундговь- боловсролын чанар” хөтөлбөрийг боловсруулах шийдвэр гаргасан.

Санамж бичгийн хүрээнд талууд аймгийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд урт болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлт, чанарыг ахиулах, шалгалтад  бэлтгэдэг арга барилыг орон нутагтаа нутагшуулахад хамтран ажиллахаар тохиролцжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын “Оюунлаг” сургуулийн удирдлага, мэргэжлийн багш нарын баг тус аймагт ажиллаж, 12 жилийн сургалттай сургуулийн багш нартай “Дундговь-Боловсролын чанар” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тус аймаг дахь боловсролын чанарыг ахиулахын тулд хэрхэн хамтран ажиллахаа хэлэлцсэн аж.

Хүнээ хөгжүүлж байж тухайн салбар, тухайн орон нутаг хөгжинө хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат онцолж, хүний хөгжлийг “аймгийн хөгжлийн гарц” хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс ч тус аймаг 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн. Энэхүү дэд хөтөлбөр болон “Дундговь-Боловсролын чанар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2023 оны төсөвт аймгийн ОНХС-аас 750,0 сая төгрөг зарцуулахаар баталжээ.  

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих аймгийн дэд ажлын багийн 2023-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд мөн Ерөнхий боловсролын сургуулиудын боловсролын чанарыг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан.

”Хүний хөгжил”-ийг аймгийнхаа хөгжлийн гарц хэмээн тодорхойлсон Дундговь аймаг ирээдүйд “мэдлэгтэй, чадвартай, хөгжсөн” иргэдээ бэлтгэхийн тулд 2023 оныг ийнхүү “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар иргэдээс санал авч эхлээд байна.

Холбоотой мэдээ