Цөмийн зэвсгийн аюул бодитоор нэмэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх нь эрчимжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-28 19:27:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын 2023 оны чуулганы үйл ажиллагаа ШХУ-ын Женев хотноо энэ оны 1 дүгээр сарын 24-нд эхлэв.


Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗХБХ-ын Бүгд хуралдаанд оролцож, үг хэлэв.


Тэрбээр хэлсэн үгэндээ өдгөө цөмийн зэвсгийн аюул занал бодитоор нэмэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх байдал эрчимжиж байгаа нь дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтод эрсдэл учруулж байна хэмээн онцлоод чухам энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, нэн ялангуяа ЗХБХ-ын ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэв.


Мөн цөмийн зэвсгээс ангид статус бүхий Монгол Улс цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтыг тууштай дэмжиж ирснийг нотолж, уг зорилтод хүрэх хүртэл цөмийн зэвсэгтэй улсууд цөмийн зэвсэггүй улсуудын эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй байх, ашиглахаар заналхийлэхгүй байх талаар баталгаа олгох эрх зүйн баримт бичиг байгуулах зүй ёсны шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн.


ЗХБХ нь зэвсэг хураах асуудлаар 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы дүнд зэвсэг хураах асуудлыг хэлэлцэх олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц чуулган хэмээх статустайгаар 1979 онд байгуулагдсан ба тус байгууллагын хүрээнд зэвсэглэлийг хорогдуулах, зэвсэг хураах асуудлаарх гол гол олон талт гэрээ хэлэлцээрийг байгуулж байжээ.

Холбоотой мэдээ