Их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-01-29 09:50:19

ТОКИО. /Kyodo/. Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлэн дээд амжилт тогтоосон их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол Японы нийслэл Токио хотноо бямба гарагт боллоо. Энэхүү ёслолд зодог тайлсан сүмо бөхчүүднэр нөлөө бүхий эрхмүүд тэргүүтэй 280 орчим хүн оролцов.


Монгол гаралтай ёкозүна Хакүхо 2021 оны есдүгээр сард зодог тайлсан бөгөөд Токиогийн Рёгокү Кокүгикан ордонд болсон ёслолд ёкозүна асан Кисеносато, Японы Ерөнхий сайд асан Мори Ёширо, Toyota Motor корпорацын ерөнхийлөгч Тоёода Акио тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.


Дэвжээний багш асан Магакиг үсийг нь авахаас өмнө ёкозүна асан Харүмафүжи үсийг нь хөндөх үед Хакүхо нулимсаа барьж дийлээгүй байна. Өдгөө Миягино дэвжээний багш болсон Хакүхо, “Биеийнхээ нэгээхэн хэсгийг алдаж байгаа мэт гунигтай мэдрэмж төрлөө. Ёслолын үеэр сэтгэл санаагаа цэгцлэхэд хүнд байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


Хакүхо мөн сүмогийн дохён дээр сүүлийн удаа гарах ёслолыг хийсэн бөгөөд үүнд шинэ жилийн башёд түрүүлсэн озэки Такакэйшо, Монгол гаралтай сүмоч, ёкозүна Асашорюүгийн үеэл дүү сэкивакэ Хошорюү нар оролцлоо. “Хошорюү ч мөн Монголоос ирсэн, түүний авга ах бид хоёр ойр дотно харилцаатай” гэж Хакүхо 2007 онд сүмогийн дээд цолыг хүртсэн Асашорюүгийн талаар хэлэв.


Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо 1187 даваа авсан зэрэг олон түүхэн дээд амжилтын эзэн юм. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сард Миягино дэвжээний багш болсон билээ. Ёслолын дараа дохёндоо мөргөсөн Хакүхо, “Миний бие ёкозүна, озэки нарыг өөрийн чадлын хэрээр аль болох богино хугацаанд төрүүлж, дохёндоо багшийн хувиар эргэн ирэхээ амласан. Миний хувьд энэ нь дэвжээндээ хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм” хэмээн ярьжээ. 



Холбоотой мэдээ