Европын Холбооны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байгалийн хийг давав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-01 13:37:26

БЕРЛИН. /DW/. Европын Холбооны /ЕХ/ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд анх удаа байгалийн хийн хэрэглээнээс давлаа гэж уур амьсгалын бодлогод судалгаа хийдэг “Ember” төвөөс мягмар гарагт нийтэлсэн тайланд дурджээ.


Тус байгууллагын тооцоолсноор, өнгөрсөн жил ЕХ-ны орнуудын нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь нийт цахилгаан эрчим хүчний 22 орчим хувь болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн  байна. Эрчим хүчний салбарын байгалийн хийн хэрэглээ 2021 оныхоос нэг пунктээр багасаж, 20 хувь болжээ.


ЕХ-ны улсууд 2022 онд 203 терават/цаг (TВтц) нарны эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь  өмнөх жилийнхээс 39 TВтц -аар буюу 24 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ийнхүү нэмэгдсэн нь байгалийн хий худалдан авахад  зарцуулах байсан 10 тэрбум орчим евро хэмнэх боломжийг олгосон гэж “Ember”-ийн судлаачид бичжээ. Мөн ЕХ-ны салхины эрчим хүч үйлдвэрлэл нь 2021 оныхоос 33 TВтц -аар илүү буюу 420 TВтц -т хүрсэн байна.


Хамгийн их “ногоон” эрчим хүчийг Герман улс үйлдвэрлэжээ

ЕХ-ны улсуудаас 2022 онд сэргээгдэх эх үүсвэрээс хамгийн их эрчим хүч үйлдвэрлэсэн улс бол ХБНГУ байлаа. Тодруулбал,  тус улс 59 TВтц салхины эрчим хүч, 126 TВтц нарны эрчим хүч үйлдвэрлэсэн аж. Гэхдээ  ЕХ-ны зарим улсын эрчим хүчний салбар дахь "ногоон" эрчим хүчний эзлэх хувь өндөр байна. Тухайлбал, Нидерландын нарны эрчим хүчний үйлдвэрлэл нь Европын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 14 хувь, Грек ба Унгар тус бүр 13 хувийг эзэлж байгаа бол Герман улсынх ердөө 10 орчим хувьтай байна.


Салхины эрчим хүч үйлдвэрлэлийн хувьд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 50 гаруй хувь нь Дани, 40 орчим хувь нь Литва улсад ногдож байгаа бол Ирланд 35 орчим хувийг эзэлж байна. Герман улсын хувьд салхины эрчим хүчний үйлдвэрлэлд 20 орчим хувийг эзэлжээ. 


Үүний зэрэгцээ Герман улс нарны эрчим хүчийг хөгжүүлэхэд Испани, Польш улсуудын хамт, түүнчлэн салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд мөн Польш улс болон Шведийн хамтаар хамгийн их ахиц дэвшил гаргажээ. 


“Ногоон” эрчим хүч рүү шилжих үйл явцыг өнөөгийн хямрал хурдасгав

"Өнөөгийн хямрал Европ дахь эрчим хүчний шилжилтийг хурдасгасан нь эргэлзээгүй" гэж “Ember” төвийн мэдээллийн дүн шинжилгээний газрын дарга Дэйв Жонс тайлангийн үр дүнг танилцуулахдаа хэлжээ. Украины дайн болон дайнаас улбаалан Европт нийлүүлэх ОХУ-ын байгалийн хийн хангамж огцом багассан нь дэлхийн олон орныг эрчим хүчний өөр эх үүсвэр хайхад хүргэсэн юм.


Тухайлбал, Герман улс жил хүрэхгүй хугацаанд Оросын байгалийн хийнээс хараат байдлаасаа бүрэн ангижирч чадсан хэдий ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хаах, АЦС-аас аажмаар татгалзах бодлогоосоо зарим ухралт хийж байж ангижирсан байна. 

Холбоотой мэдээ