ХЭНТИЙ: Аймгийн бүх сум, багийн засаг дарга нар чуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-01 07:45:44

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн 18 сумын засаг дарга, таван тосгоны захирагчид, 89 багийн дарга нар чуулсан өдрүүд Чингис хотод өнгөрлөө.


Энэ хүрээнд тус аймгийн ЗДТГ болон Статистикийн хэлтсээс өнөөдөр 89 Багийн Засаг дарга нарыг хамруулсан чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар холбогдох мэргэжилтнүүд хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн талаарх мэдээллийг өгөв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат багийн дарга нарын санал хүсэлтийг сонсон, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоол, Засгийн газрын онцлог ажлуудыг танилцуулав.

Түүнчлэн уг сургалтын үеэр 2022 оны ажлаараа тэргүүлсэн багийн Засаг дарга нарт шагнал гардууллаа. Тодруулбал, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагч Ж.Март, Бор-Өндөр сум, дөрөвдүгээр багийн Засаг дарга Ч.Саруулмөнх, Батноров сум, гуравдугаар багийн Засаг дарга Б.Өсөхбаяр, Мөрөн сум, нэгдүгээр багийн Засаг дарга Ж.Дашжамц,Баянмөнх сум, хоёрдугаар багийн Засаг дарга М.Содбаяр нар шилдгээр шалгарчээ. Мөн Үндэсний статистикийн хорооны Хүндэт жуухаар Хэрлэн сум, хоёрдугаар багийн зохион байгуулагч Г.Мягмарсайхан, Батширээт сум нэгдүгээр багийн Засаг дарга Д.Хонгорзул, Баянхутаг сум гуравдугаар багийн Засаг дарга Г.Ганболд нарыг шагналаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Иргэдийн оролцоот Хэтийн Хэнтий” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан дэд төслийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, иргэдийг орон нутгийн хөгжлийн асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжоор хангаж, бүтээлчээр оролцуулах үүргээ амжилттай хэрэгжүүлсэн зарим сумын Засаг дарга, чиглүүлэгч, аравт, хэсгийн ахлагч нарыг ч мөн шагнаж урамшуулав. Өнгөрсөн оны ажлаараа Дадал, Бор-Өндөр, Өмнөдэлгэр сум бусдыгаа манлайлжээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав салбарын сайд нартай 2023 онд төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, бусад төрийн байгууллагуудтай Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа мөн өнөөдөр боллоо.
Холбоотой мэдээ