Пянзанд бичсэн ардын дуунуудыг эгшиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2023-02-03 10:10:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх 1933 онд пянзны бичлэг нэвтэрчээ. XIX зуны сүүлээр Европт дэлгэрч байсан хөгжмийн гайхамшгаас монголчууд хоцроогүй түүхийг дурсах “Монгол пянз-33” тоглолтыг Төмөр замын чуулга “Цагаан лавай” хамтлаг болон World music gallery хамтран зохион байгуулж буйг УБТЗ ХНН-ээс мэдээллээ.


Манай улсад 1933-1940 онд ардын дуу Дөмөн, Гоолингоо, Аргагүй амраг, Сийлэн бөөр, Үхэрчин хүү, Баянмонгол, Монгол транс зэрэг ховор нандин олон дууг пянзанд бичиж байжээ. Үүнийг “Монгол пянз-33” тоглолтоор тухайн үеийн бичлэгээр нь мэргэжлийн урлаг судлаачдын тайлбартай сонсуулах аж.  


“Дэлхийн пянзны хөгжлийн түүх”-ийг дэлгэн харуулна.


Хөгжмийн хамгийн чанартай дуугаралтыг пянзны гадаргуун дээр буулгаж, насан туршдаа сонсож, хэдэн үе дамжуулан хадгалж ирсэн, соёлын биет өвийг агуулсан, урлагийн гайхамшгийг мэдрүүлэх сонгодог үдшийн тоглолт болох талаар мэдээллээ.


Тоглолтын үдэшлэгээр Монголын анхны пянзнуудын хөг аялгууг сонсохоос гадна тухайн үеийн пянзанд бичсэн дуу эгшгийг орчин цагийн уран бүтээлчид өнөө цагт амилуулж, дуулж байгааг мөн мэдрүүлэхээс гадна “Дэлхийн пянзны хөгжлийн түүх” үзэсгэлэнг дэлгэх аж. 

Холбоотой мэдээ