ХЭНТИЙ: Одоогоор үйл ажиллагаа явуулж буй яслийн барилгыг бариад 63 жил болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-08 15:25:33
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын хэмжээнд нэг байдаг төрийн өмчит ясли Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг.
Анх 1960 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хэнтий аймгийн нэгдүгээр Ясли нэртэйгээр үүсгэн байгуулж байжээ. Тухайн үед 65 хүүхэдтэй өлгий, мөлхөө, ахлах гэсэн гурван бүлэгтэй, 19 ажилтантай байсан бол одоо 16 багш ажилтнуудтай, хоёр бүлэгт 70 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Барилгын хувьд 63 жил болсон хуучны чулуун барилга бөгөөд 2016 онд 96 сая төгрөгөөр их засвар хийж, 2022 онд гал тогооны өрөөнд хүчитгэл хийж байжээ. Одоогийн байдлаар гурван тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй 120 хүүхдийн яслийн шинэ барилгын зураг төсвийг бэлэн болгож, энэ оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөсөн боловч Засгийн газраас шинэ бүтээн байгуулалтын ажлыг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан хойшлогдсон аж.

Тиймээс тус аймгийн Засаг дарга бодит байдалтай нь танилцсаны үндсэн дээр Онцгой комиссыг хуралдуулж, эхний ээлжинд Яслийн нэг бүлгийн таазыг засварлах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өглөө. Мөн гал тогооны тоног төхөөрөмж, цэвэр бохирын шугам, ариун цэврийн өрөөний засварт шаардагдах хөрөнгийн судалгааг гаргаж танилцуулах, судалгааг үндэслэн шат дараатайгаар засаж, тохижуулахаар болсон юм. Ирэх оноос Засгийн газар шинэ бүтээн байгуулалтын ажлыг хийхээр шийдвэрлэвэл Яслийн шинэ барилгыг бариулах саналаа нэн түрүүнд хүргүүлнэ гэдгээ Засаг дарга тус яслийн багш, ажилтнуудтай уулзах үеэрээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ