Хүн төрөлхтний өвөг болох "Люси" модноос унаж үхжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2016-08-31 15:48:06

ВАШИНГТОН. /NHK/. Хүн төрөлхтний өвөг дээдсийн нэг болох "Люси" нэрт бич модноос унасны улмаас үхсэн байж магадгүй гэж АНУ болон Этиопийн судлаачид үзэж байна.

Одоогоос 3.2 сая орчим жилийн өмнө Африкт амьдарч байсан эмэгтэй гоминидын /хүн төрхтэй мич/ үхлийн шалтгааныг тус хоёр улсын судлаачид судалжээ.

Тэд судалгааны тайлангаа Их Британийн шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн байна.

“Люси” нэрт хүн төрхт мичний араг ясыг 1974 онд Этиопийн зүүн хойд нутгаас олж илрүүлсэн бөгөөд араг ясных нь 40 орчим хувь олджээ.

Уг чулуужсан ясыг судлаачид “хүн төрөлхтний хувьслыг судлахад чухал олдвор” гэж үздэг.

Судлаачид “CT” сканнер ашиглан чулуужсан ясыг судлан мөр, шагай болон аарцагны яс нь цуурсан болохыг олж тогтоосон байна. Мөн дотор эрхтнүүд гэмтсэнийг олж илрүүлсэн аж.

Эдгээр бэртэл гэмтлийг судалсны үндсэн дээр “Люси” 12 гаруй метр өндрөөс унасан гэх дүгнэлтэд хүрчээ.

Хүний өвөг дээдэс босоогоороо явдаг байсан бөгөөд тэд ой модон дотор цагийг өнгөрүүлдэг байсан гэсэн онолыг энэ судалгааны тайлан мөн нотолж байгаа юм.  

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ