БАЯН-ӨЛГИЙ: Х.Арманыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-09 15:59:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын XII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд бичигдсэн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргын орлогч Х.Арманы нэрийг, заалаас Татварын хэлтсийн дарга А.Камелият аймгийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн.

Хуралдааны явцад нэр дэвшигч А.Камелият нэрээ татав. Улмаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Х.Арманыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

Аймгийн Засаг даргад нэр дэвшсэн Х.Арман «Эрх баригч намын мөрийн хөтөлбөр, өмнө нь баталсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ажиллана. Миний хувьд өмнө нь энэ танхимд олон Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хамт сууж байсан. Эдгээр хүмүүсийн зааж сургасан, зөвлөсөн юм байна. Алдаа гаргахгүй ажиллахыг хичээнэ» гэдгийг хуралдааны үеэр онцлов.

Х.Арман нь 1983 онд төрсөн. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. 2008, 2016, 2020 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 3 удаа сонгогдож, 2020 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.

Холбоотой мэдээ