Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-10 15:22:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан 21 аймаг, 9 дүүргийн залуучууд, сайн дурын даатгуулагч, малчдын төлөөлөлд Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон ч нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгалын шимтгэлийн бодит хуримтлалыг бий болгох, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах шаардлага тулгарч байгаа тул хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй байгааг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ дурдсан юм.


Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийсэн. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр эсвэл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан талаар мэдээлэл өглөө.


Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр хүртэх үр шимийг иргэдэд ойлгуулах, тэтгэврийн зээлийг зогсоож зөвхөн  ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулах боломжоор хангах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, санал авах цуврал уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ