Хятадын хамгийн том нийлүүлэгч нүүрсээ цахимаар арилжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-14 16:16:49

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Хятадын гангийн үйлдвэрлэлийн нүүрсний хамгийн том нийлүүлэгч Монгол Улс ил тод байдлыг сайжруулах, экспортын гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ борлуулах арга барилаа өөрчилж байна.


Өнгөрсөн оны нүүрсний дуулиантай холбоотойгоор засгийн газар Хятадын худалдан авагчдын хувьд таатай байсан урт хугацааны гэрээний оронд нүүрсээ цахимаар арилжаалах шинэ тогтолцоо руу шилжиж байна. Ингэснээр худалдан авагчид мөн тээврийн зардлаа нэмж гаргах хэрэгтэй болж байгаа юм.


Сүүлийн жилүүдэд, ялангуяа гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг өндөр зэрэглэлийн нүүрсний гол нийлүүлэгч Австралиас нийлүүлэлтээ зогсоосны дараа Бээжин Монголтой нүүрсний худалдаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байлаа.


Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт тус улсын хэвлэлүүдэд мэдээлэл хийх үеэрээ долоодугаар сар гэхэд дуудлага худалдаагаар 12 сая тонн нүүрс борлуулах зорилт тавин ажиллаж байна гэсэн юм. Засгийн газар мөн 2024, 2025 онуудад гангийн үйлдвэрийн коксжих нүүрс болон дулааны цахилгаан станцын эрчим хүчний нүүрс зэрэг бүх нүүрсний арилжааг дуудлага худалдаагаар явуулахыг зорьж байна.


БНХАУ нь Монголын түүхий эдийн хамгийн том худалдан авагч бөгөөд өнгөрсөн онд хойд хөршөөсөө 26 сая орчим тонн коксжих нүүрс импортолсон нийт худалдан авалтынх нь 40 хувийг эзэлж байна.


Арилжааны энэхүү шинэ арга нь мөн Хятадын эрх баригчид 2021 оны сүүлчээр Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцалж, Канберратай харилцаагаа сайжруулж байгаа үетэй давхцаж байгаа юм.


Хятадын худалдан авагчид одоо илүү олон сонголттой болох тул энэ нь Монголын уурхайчдад эрсдэл үүсгэнэ. Үүнээс гадна, урт хугацааны гэрээ нь худалдагч талыг үнийн хэлбэлзлээс хамгаалдаг байсан бол Хятадын гангийн салбарын хэтийн төлөв тодорхойгүй байна.


Бээжин ковидын хязгаарлалтаа цуцалсны дараа эдийн засгийнх нь өсөлт сэргэнэ гэж Монгол Улс үзэж байж магадгүй. Гэхдээ Хятадын гангийн үйлдвэрийн хамгийн гол хэрэглэгч болох үл хөдлөх хөрөнгийн салбар дарамттай хэвээр байгаа билээ. 

Холбоотой мэдээ