Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын 50 насны ойд зориулсан хос номын нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "...Би бүр дахин дахин хэлэхэд зохиолч хүнд байх ёстой гашуун утлага, гэнэн инээмсэглэл, гэнэн зан, хязгааргүй их хайр, унших зүтгэхийн их шаналан бүгд л биенд нь шингэсэн хүн байсан. Эрдэнэ-Очир урт үргэлжилнэ. Монголд үргэлжилнэ, дэлхийд үргэлжилнэ. Хүн бүхний сэтгэлд үргэлжилнэ. Товчхоон хэлэхэд, миний сэтгэлд үхэн үхтэл үргэлжилнэ" хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ түүнийг ийнхүү дурсжээ.
Их найрагч Б.Лхагвасүрэн агсанаас гадна Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Догмид, "Чингис хааны одонт", Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Цоодол, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч нарын зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, сэтгүүлч, дуучин зэрэг МУСГЗ, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсаны ойр тойрны анд нөхөд, хамтрагчдынх нь дурсамжаас бүтсэн "Арлааны Эрдэнэ-Очир, Дурсамж" ном өнөөдөр нээлтээ хийж, уншигчдын гарт очив. Хүүхдийн төв номын санд болсон уг номын нээлтийн үеэр түүний хүү Э.Цагаан-Уул хэлэхдээ "Би энэ жил 30 нас хүрч байна. Аав маань гучин насандаа яруу найргийн "Болор цом" наадмын тэргүүн байрын шагналын эзэн болж байсан юм билээ. Эдүгээ миний аавын 50 насны ой тохиож байна. Иймд аавынхаа 50 насны ойд зориулж дурсамжийн болон яруу найргийн хос номыг бүтээлээ. Мөн өчигдөр зохиогдсон хайрын шүлгийн "Цагаан уул" наадмыг аавын минь нэрэмжит болгосонд баяртай байна" хэмээв.
Нээлтийн ёслолд Ардын жүжигчин, өгүүлэхүйн ухааны их мастер Г.Равдан, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Дарь.Сүхбаатар, "Болор цом" яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн Б.Ичинхорлоо нарын уран бүтээлчид болон найз нөхдийнх нь төлөөлөл оролцсон юм. "Арлааны Эрдэнэ-Очир" сангаас эрхлэн хэвлүүлсэн энэхүү хос номын нээлт мөн Дорноговь аймгийн Сайншанд хотноо болох аж.