СГЗ Ч.Галсангийн уран бүтээл туурвисны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-02-15 20:15:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУСГЗ, нэрт зохиолч-нийгмийн зүтгэлтэн Ч.Галсангийн уран бүтээл анх туурвисны 60 жилийн ойд зориулсан "Монголын Герман хэлт уран зохиол хийгээд Иргэний мөн чанар" эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд боллоо.

 

Өдгөө 80 насны босгыг алхсан тэрбээр герман хэлээрх зохиол бүтээлээрээ дэлхийд танигдсан нэрт зохиолч юм. Түүнийг монголын герман хэлт уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмэээн салбарынхан нь өндрөөр үнэлдэг. Тэрбээр зохиол бүтээлээ туурвиад 60 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд түүний роман, тууж, яруу найргийн зохиолын ном нь герман хэлээр 42, англи хэлээр 9, бусад орны хэлээр 20  гаруй удаа хэвлэгдэн гарч байжээ. 

 

Тэрбээр МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын их сругуульд элсэн суралцаж дүүргэсэн байна. Монголдоо ирээд МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан зэрэг ажил хийж байаад уран бүтээлээ дагнан эрхлэх болжээ.

Түүний зохиол  бүтээлүүд герман уншигчид болон утга зохиол судлаачдын талархлыг өндрөөр хүлээсэн бөгөөд түүний бүтээлийг судлан эрдмийн зэрэг горилсон герман эрдэмтний бүтээл тус улсын сургалтын хөтөлбөрт багтсан байдаг байна.

 

МУСГЗ Ч.Галсан хэлэхдээ, “Миний эх орон намайг тоож үздэг өдөр байдаг юм байна. Орчин үеийн уншуургатай дэлхийн зохиолчдын нэг гэж үнэлдэгт баярладаг. Миний эх орон өнөөдөр намайг хүндэтгэсэнд маш их баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 

Тэрбээр дунд сургуульд байхаасаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Анхны зохиол нь “Тува туужууд” нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь “Аянгат цагийн тууж”, “Арван сарын тэнгэр дор” тууж, “Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр” аян замын тэмдэглэл, “Эр хар сур” яруу найргийн номоо монгол хэлээр хэвлүүлсэн байна. 


Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн хүндэт зочид сэтгэлийн үгээ хэлж, зохиолч Ч.Галсан амьдрал уран бүтээлийн дурсамжаа хуваалцан "Чингис хааны есөн зүйл" шинэ романаа хүндэт зочдод гардуулсан юм.

Холбоотой мэдээ