АРХАНГАЙ: Х.Батбаяр: Монгол тоглоомыг хэрхэн орчин үеийн болоод мэдлэгт суурилуулах вэ гэдэг нь хамгийн чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-20 14:11:09

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам, үндэсний шагайн наадгайн өвлөн уламжлагч Х.Батбаяртай өөрийнх нь зохиож, түмний хүртээл болж буй монгол наадгайнх нь тухай ярилцлаа.

 

-Сар шинийн босгон дээр тантай уулзаад, ярилцаж байгаадаа баяртай байна. Танаас анхны тоглоомоо зохиосон даруйд буюу одоогоос долоон жилийн өмнө ярилцлага авч байжээ. Түүнээс хойш та даруй зургаан тоглоомыг зохиосон байна. Энэ удаагийн ярилцлага нэлээд баялаг болох нь гэж харж байна. Ямар шалтгаанаар монгол наадгайг зохиож байгаа вэ?

-Танд баярлалаа. Ер нь монгол тоглоом мартагдаад мөхөж байна. Монголд монгол тоглоомыг үндсэн утга, амин чанараар нь мэдэж хийдэг хоёрхон л хүн байна. Нэг нь оюун ухааны музейн Түмэн-Өлзий гэдэг хүн. Нэг нь би. Бусад нь судлаач, сонирхогчид, хэрэглэгчид юм. Монгол тоглоом гэдэг бол дэлхийн тоглоомын төрөл зүйл дотор өөрийн гэсэн амин чанартай.

 

-Амин чанар гэдэг нь?

-Амин чанар гэдэг жишээ нь дөрвөн шагай байна гэж бодъё. Орхиход хоёр хонь, хоёр ямаа эсвэл нэг морь, гурван хонь бууна. Түүнийгээ төдөн хонь, ямаа, морь буулаа гээд хэлнэ дээ. Энэ нь алхам тутамдаа тоглогчийг эмх цэгцтэй яриулахаас эхэлдэг. Энэ бол монгол тоглоомын хамгийн чухал амин чанар нь юм. Амин чанар нь монгол хэлний зохист аялгуу, зөв монгол хүн байх үндсэн суурийг нь тавьж өгдөг зүйл л дээ.

 

Тоглоом бол өөрөө хүүхдийн хамгийн анхны өмч шүү дээ. Нэгэн агуу хүн хэлсэн байдаг.

Монгол тоглоом бол айл гэрийн хоймрын чимэг бөгөөд хүүхдийн өмч юм гэж.

Тэгэхээр монгол хүнийг, хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд хамгийн нандин чухал хэрэглэгдэхүүн энэ цаг үед мартагдсан. 2022 оныг Соёлын яам хүүхдийн жил болгон зарлаад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төсөл зарласан. Төсөл дотроо дижитал тоглоомыг дэмжинэ гээд ороод ирж байгаа юм. Уг нь ухаалаг утас, дижитал, цахим дэлгэцээс хүүхдүүдээ түр холдуулмаар байгаа юм. Ингээд бодохоор л энэ монгол тоглоом, түүний амин чанар байхгүй болчихсон.  

 

-Тоглоомуудаа хаанаас судалж, сэргээн гаргаж ирж байгаа вэ?

-Монгол тоглоом бол 3000 нэр төрлийн 15 анги зүйлд багтдаг. Үүнийг монгол хүмүүс яг амин чанараар нь хэрэглэж байна уу гэвэл гарын арван хуруунаас илүү гарахгүй. Жишээ нь шагайгаар хонь байна. Хүмүүс хонь гэж л тоглоно. Би танаас ч юмуу, өөр хэн нэгэн багшаас та яагаад энийг хонь гээд байгаа вэ гэж асуухад “Хонь” гэж хариулахаас биш учрыг нь хэлж чадахгүй. Урдаасаа угалзарсан эврээр нь, ууц нурууных нь бөмбөгөрөөр нь, өөхөн сүүлний заагаар нь таньж, үүнийг хонь гэнээ. Хонь гэдэг амьтны дээд өвөг нь аргаль юм. Аргалийн эврийг угалз гэнэ гээд яг таарч байгаа биз. Энэ л амин чанар нь байхгүй болчихоод байгаа юм. Эврийнх нь задгай, эрүүнийх нь сахал, шилнийх нь хонхроор үүнийг ямаа гэнэ гэдэг ч юмуу биеийх нь шинж чанараар хэлж чадахгүй болсонд л монгол тоглоомын амин чанар алдагдсан гэж үзэж байна.

 

-Та долоон төрлийн тоглоомтой болжээ. Маш хурдацтай судалж, зохиож, олон түмэнд түгээх сурталчлах ажлыг хийжээ гэж би харж байна?

-Монгол үндэсний 140-өөд тоглоомыг өсөхөөсөө эхлээд өнөөдрийг хүртэл тоглож үзлээ. Тоглож үзээгүй ховор ганц нэг тоглоом бий. Нэрийг нь сонсчихоод л сууж байна. Хөвсгөл аймгийн музейд байгаа “Дөрвөн хүчтэн” тоглоомыг тоглож үзээгүй л байна. Монгол орны энд тэнд тоглогдож байгаа, өөрөө сонссон тоглоомуудаа ер нь л тоглоод үзчихсэн дээ. Би энэ олон тоглоомыг тоглож үзээд, орчин үе рүү жаахан дөхүүлж мэдлэгт суурилсан, үндэсний мөн чанартай тоглоомыг гаргаж байгаа юм. Гэхдээ дижитал, цахим биш. Яагаад гэхээр

монгол хүн амаараа ярьж, нүдээрээ харж, гараараа мэдэрч тоглох нь монгол тоглоомын утга учир тэр.

Тэгж байж энэ нүүдлийн соёлтойгоо, энэ ахуйтайгаа суурьших юм. “Та битгий уурлаарай” гэж хөлөгт тоглоом байдаг. Энэ тоглоом зүгээр жишиг тоглоом болохоос биш амин монгол тоглоом биш юм. Харин би бол “Миний Архангай”, “Монголын сайхан орон” тоглоомуудыг монгол тоглоом гэж хэлнэ. Яагаад гэхээр шагай орхиод таван хошуу малаараа нэрлэж тоглож байгаа нь Монголын мал аж ахуйтай маш ойрхон, мөн зөв монгол хэллэг тэнд хэлэгдэж байгаа нь өөр бусад тоглоомоос ялгаатай юм.

 

Тоглоом хийх санаа бол монгол тоглоом устсанаас үүдэлтэй. Тоглоом болгон өөр өөрийн амин мөн чанартай. Жишээ нь “Аргаль, янгир” тоглоом монголчуудын аман наадам, ан амьтан, байгалийн ай сав, шагайн наадам, тэгээд хамтын ёс гээд таван амин чанарыг дотроо багтаадаг. Мартагдсан олон тоглоомыг дунд нь базаж байж нэг тоглоомыг бий болгож байгаа юм. Дөрвөн бэрхийн дөрвөн шагай тоглож байгаа нь дөрвөн бэрх наадаад байгаа мэт, мөн амьтнаар тоглож байгаа нь дээр үеийн үүчүүр тоглоом юм шиг харагдана.

 

Соёлын яамнаас соёлын таван ай савыг долоо болгосон. Байгалийн, аман гэх мэтчилэн. Монгол тоглоом байгалийн ай савд ордог. Манай өвөө намайг зургаан настай байхад 1988 онд юмдаа. Хургатай хонь хүнд өгч байж надад үүчүүр зуруулж өгснөөр л тоглоом хийх эхлэлийг тавьж, өдий хүрээд байна. Өвөөгийнхөө хийлгэж өгсөн тоглоомыг би хорин жил тоглоод 2008 онд олон жил тоглосон тоглоомоо хэрхэн сайжруулж болох вэ гэж таван жил судлаад явж байхдаа энэ “Аргаль, янгир” тоглоомын санааг олсон. Тоглох зарчим нь адилхан ч хэрхэн орчин үеийн болоод мэдлэгт суурилуулах вэ гэдэг нь хамгийн чухал байсан. Дэлхийн хаана ч байлаа гэсэн монгол гэдэг дангааршлыг яаж тогтоох вэ гэдэг олон санааг өвөрлөж байж бүтээсэн.


Нөгөө талаар “Аргаль, янгир” тоглоом нь Монгол Улсын улаан ном юм. Улаан ном чинь маш цөөхөн тоогоор хэвлэгддэг, худалдаанд байдаггүй, элбэг биш юм. Энэ улаан номыг хүмүүс яаж хэрэглэж уншиж болох вэ, ялангуяа хүүхдэд яаж уншуулах вэ гэдэг үүднээс улаан номыг “Аргаль, янгир” тоглоом болгосон. Дөрвөн шагайгаар тоглодог. Шагай орхиход дөрвөн хонь буувал аргаль авна. Дөрвөн ямаа буувал янгираа авна. Дээрээс нь бидний хэрэглэж байгаа монгол хэлний А-Я хүртэл үсэгт багтах Монголын бүх амьтныг энэ тоглоомд багтаасан.  35 үсгийн 22 үсэгт амьтны нэр багтдаг юм шүү дээ.

 

-Таны тоглоомыг тоглосон хүмүүс, хүүхдүүд ямар мэдлэг, мэдээлэлтэй болж үлдэх вэ?

-Ач холбогдлын хувьд маш чухал. Тоглоомыг тоглож байгаа хүн өөрөө нэн түрүүнд зөв ярьж эхэлнэ. Тухайн хүн яаж хүлээж авахаас л эхэлнэ дээ. Бурхан багшийн сургаалд “Миний номыг өөрөө шимтэн судлаад, алт мэт шүүж тунгааж үзээрэй” гэсэн байдаг. Түүн шиг монгол тоглоом бол тухайн хүний сав ямар байна түүгээрээ мэдэж, сурч, суралцдаг юм. Өнгөцхөн харсан хүмүүс бол танин мэдэхүйн тоглоом юмаа гэдэг. Миний хувьд бол танин мэдэхүй гэдэг нь агшин зуурын хугацаанд юмыг хараад таниад, мэдээд өнгөрч байгаа мэт санагддаг. Монгол тоглоом бол танин мэдэхүй биш юм. Энэ бол үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлдэг хэрэглэгдэхүүн гэж харж байгаа.

 

-Таны тоглоом дунд хүүхдэд зориулсан ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан хувилбарууд байсан. Тоглоомуудыг нэг удаад хэдэн хүн тоглох вэ?

-Монгол тоглоомыг нас харгалзахгүй тоглоно. Хэлд ороод дөрвөн шагайгаа нэрлэж чадаж л байгаа бол 4 настай байна уу, 84 настай байна уу хамаагүй тоглоно. Тухайн үед нь хүнийхээ нас, сэтгэхүйн онцлогт тохируулаад л тоглоно гэсэн үг.

 

Монголчуудын “Уяа, зангилаа” тоглоомыг 4-5 настай хүүхдүүдээр хийлгэх гэж хийсэн. Ер нь бол өнгө дүрс ялгах, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх, багаар буюу олуулаа тоглох, дангаараа тоглох зэрэг арав гаруй чадварыг эзэмшүүлэх гэж уяа, зангилааны тоглоомыг хийсэн. Монгол уяа зангилаа бас л мартагдаж байгаа. Уяа зангилааны тухай судлаад явахаар хүүхдүүд ганцхан уяа л мэднэ. Тэр нь “пүүзний уяа”. Эхлээд дүлий зангидаад, дараа нь цэцэглэж зангиддаг. Гутлаа өмсөж, тайлахдаа л хэрэглэдэг гэсэн үг. Түүнээс өөр уяа зангилааны хэрэглээ алга болжээ. Бага насны хүүхдүүд уяа зангилаагаа сураг, үг нэр ч болсон тогтоог гэж албаар хийсэн нь тэр. Зангиалаа нь олон төрөлтэй шүү дээ. Тооно тушихаас эхлээд... Бидний хэрэглээнээс холдсон байна. Мөн уяхад ч төвөгтэй уяа зангилаа бий. Хэцүү болохоор нь ч оролдохгүй байх шиг байна.

     

-Та өөрийн зохиосон тоглоомуудаа хаана хаана тоглож, сургаж, танин мэдүүлж явсан бэ?

-Угсаатны зүйн соёл болох тоглоомын араас ч уйгагүй 15 жил явлаа. Үнэндээ гомдолтой явна. Би эзэнд нь хүргэж чадаагүй л явна. Архангайчуудыг “Миний Архангай” тоглоом шиг гэж ярьтал нь явна. Одоогоор яваад яваад амжилтгүй л байна. Би Архангай аймгийнхаа 100 жилийн ойд зориулж, 100 байгууллагад очоод заая, сургая гээд явсан чинь 24 байгууллага дээр л очсон. Аймгийн төвийн 64 байгууллагаас 24-т нь, 19 сумын 4 суманд л очиж заалаа. Яг сурсан нь таван газар л бий. Найман цагаар ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 40 минутын хугацаанд л заая гэхээр боломж олдоггүй юм билээ. Нэг талаараа ач холбогдлоо ойлгохгүй байна. Эсвэл миний энэ цаг үе хатуу юмуу, эсвэл би буруу цаг үедээ төрчихсөн ч юмуу, мэдэхгүй ээ. Би одоо Архангай аймгийн 100 жилийн ойд залбирч байна. Яагаад гэхээр үндэсний, аймгийн брэнд болсон энэ тоглоомыг аймгийн удирдлагууд 100 жилийнхээ ойн бэлэг дунд хийгээд эздэд нь хүргээд өгөөсэй гэж залбирч сууна. Яагаад гэхээр Монгол орны 3000 гаруй тоглоом дунд бүс нутгаараа овоглосон орь ганц тоглоом юм. Далайчойнхор вангийн хошууныхан манайхан үүчүүр тоглодог, үүчүүр манай тоглоом гэдэг. Үүчүүр нь үүчиглэх буюу хэсэгчлэх гэсэн агуулгатай, олуулаа хэсэгчилж, тоглодог үүчих гэсэн үгээс гаралтай үүчүүр тоглоом юм. Ховд руугаа үүшүүр гэж дууддаг. Үүчүүрийн амин гол чанар нь Урианхайчууд дунд илүү үлдсэн байдаг. Жишээ нь модоор шувуу, буга амьтнаа сийлж, илүү их ач холбогдол өгдөг. Бид бол ижил төстэй л тоглож байгаа.

 

-Танд дахиад тоглоомын санаанууд ч байна гэж байсан. Ямар тоглоом юм бэ?



-Энэ эзнээ хүлээж байгаа тоглоом юм. Ихтамир гэдэг хөлөгт тоглоом. Цэнхэр сумынх ч бий. Сумын юу хамгийн үнэ цэнтэй вэ гэхээр ерөөсөө газар нутаг, хүн амын удам судар юм. Газар нутгийн амин чанар нь уул усныхаа нэрэнд, удам судрын амин чанар нь хүн амын эрүүл зөв удам судраараа амьдарч буйд оршино. Би Ихтамир, Цэнхэр сумын газар нутгийг судлаад тавьчихсан сууна.

 

Монгол Улсад Сүхбаатар, Дундговь аймгийнхан газар, усныхаа нэрийг судалчихсан байдаг. Сүхбаатар аймгийн Тайван хэмээх лам хүн хуучны ном сударт манай аймгийн уул, ус, хилийн заагийг ингэж тэмдэглэж байжээ гэж ярьсаар байгаад бүтээл болгож чадсан байдаг. Дундговь аймгийн лам, байгаль хамгаалагч хүн бол манай аймгийн газар усны нэр бүгд л овоо боллоо. Дээд овоо, дунд овоо, доод овоо, цагаан овоо, харагдсан чулуу болгоноо овоолж тавьсаар байгаад газар усны үндсэн нэр нь байхгүй боллоо гээд хуучны ном, судар харж, уул усныхаа нэрийг гаргаж ирсэн байдаг.

 

Би 2018 онд газар усныхаа нэрийг судалъя гээд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар руу орсон. Ч.Отгонжаргал дарга намайг их дэмждэг. Нууцын зэрэглэлтэй болон хэрэглээний зургуудыг өгөөд, уншиж, судлаад нэрийн зургийг сурталчлах ажилд тааламжтай хандаж байгаа. Би үүнд нь их баяртай байгаа.

 

Газар усны нэрийн зургийг монголчууд 1977 оны 75 дугаар тогтоолоор баталснаас хойш өнөөдрийг хүртэл 45 жилийн турш нэрийн болон хилийн зурвасаа эргэн хараагүй. Би бол энэ нэрийн зураг бүхий хөлөгт тоглоомыг одоогоос хойш 50-60 жилийн дараах үед очиг гэж бодож хийсэн. Түүндээ л ач холбогдолтой. Миний гаргаж байгаа сүүлийн тоглоом бол энэ уул усны нэрийн хөлөгт тоглоом юм. Манай аймагт нэлээд хэдэн сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэр сум болгонд газар усны нэрийн зураг бүхий тоглоомыг хийгээд өгье, хүнд бэлэглэхэд ардын уламжлал, тухайн газар орны нэрийн зураг нь та бүхэнд хэрэгтэй. Үүнийг брэнд болгоод тухайн нутаг орныхоо соёлоор гоёочээ гэдэг саналыг тавьсан. Тариат сум дэмжсэн, би хийж өгнө.

 

-Таны машинаараа сольж авсан зургаан шуудай шагай чинь дууссан уу?




-Дуусаагүй ээ байгаа. “Миний Архангай” тоглоомд есөн шагай ордог. Мянган хувь хийхэд нийт 9000 шагайг хүнд хүргэж чадаагүй сууж байна. Үлдсэн нь хорь гаруй мянган шагай байгаа. Энэ зун л аймгийнхаа 100 жилийн ойгоор тоглоомоо эздэд нь хүргэнэ дээ.

 

-Таны “Баян Монгол наадгай” нь бусад тоглоомоос ямар онцлогтой билээ?

-Энэ цоо шинэ тоглоом юм. 2019 онд шинээр гаргасан. Баян Монгол гэхээр мал аж ахуй шууд бодогдож байгаа биз. Монгол мал бол монголчуудын оюун санаа, ахуй соёлын үнэт зүйл юм. Газар нутгийн дараа орох үнэт зүйл. Бэлчээрийн монгол малыг өсгөж тоглодог дэлхийн монгол тоглоом юм. Монголчууд аман зүйр үгэндээ жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэж ярьдаг шиг “Баян Монгол наадгай”-г тоглоход мөн л нэг нь түрүүлнэ. Энэ тоглоом нь өөрөө хамтач байдлыг илэрхийлдэг, нэжгээд хүн тоглодог, арван янзаар хождог дэлхийн монгол тоглоом юм. Би бол монгол тоглоомын нэг л амин чанарт их хичээдэг. Энэ бол монголчуудын оюун санаа, ахуй соёлын амьдын харилцааны охь шим юм гэж. Үндэсний нэгдмэл байдал гэдэг шиг монгол айлын нэгдмэл зүйл, хамтач байдал нь монгол тоглоомд л байна.

 

-Таны өв соёл, тоглоом найдгайг уламжлан үлдээх энэ санал санаачилгыг бизнес гэж харж болох уу?

-Би зөндөө муу хэлүүлж байгаа шүү /инээв/. Хүмүүс бол мөнгө л гэж хардаг. Би ашиг олоогүй, харин мөнгө зарцуулаад л явж байна. Өнөөдрийн байдлаар далан сая төгрөг зарцуулсан байна. Миний санаа бол монгол гэсэн амин чанартай зүйлийг л ирээдүйд хүргэж өгөх гэж одооноос хичээж яваа юм. Өнөөдөр надад нэг хүн iphonе-н шинэ загвар 3.3 сая төгрөг болчихож, шинэ утас авлаа гэж ярилаа.

 

Би энэ зургийг 3.3 сая төгрөгөөр зуруулсан юм. Мөн чанартаа арван жилийн дараа тэр утасны шинэ загвар байхгүй болно. Харин миний зуруулсан “Дэлгэр Монгол” зураг арван жилийн дараа амьд, илүү үнэ цэнтэй, монголчуудын ахуй соёлыг харж, судлах боломжтой болж үлдэнэ. Архангайд байгаа хамгийн том монгол уран зураг юм. 2х3 метрийн хэмжээтэй.

 

-Та хэнээр зуруулсан бэ?

-Архангай аймгийн Урчуудын холбооны тэргүүн Эрдэнэцогт гэдэг хүнээр зуун өдрийн хөлс өгч, зуун өдөр зуруулж дуусгасан. Одоо дахиад ийм хоёр зураг ирнэ, дутуу байгаа. Энэ зурагт Архангайчуудын 19 дүгээр зуунаас 20 дугаар зууны дунд үе хүртэлх бүх амьдралыг өгүүлсэн. Богдхаант Монгол Улсыг иж бүрэн уншъя гэвэл энэ зургийг харж, уншиж болно. Энэ монгол зурагт 60 сэдвийг багтаасан.

 

Энэ миний хүүхэд нас. Халзан толгойтой нь би юм байгаа /инээв/. Түмний буяныг ирээдүйд зориулж ингэж л үрж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ