Х.Булгантуяа: Гашуунсухайтыг олон улсын боомт болгох бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сараас эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-27 14:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний экспортыг төмөр зам, автотээвэр, мөн чингэлгийн, автомат AGV тээврийн гэсэн 4 төрлөөр терминалыг ангилж, 4 гарцаар хийж буйг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр “Туушин” зочид буудалд болж буй “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ. Биржээр худалдсан нүүрсийг чингэлэг тээврийн терминалаар экспортлохоор журамд тусгаж, 4 гарцын нэгийг нь цахим худалдаанд зориулан тусгайлан гаргаж буйг мэдэгдлээ.


Тэрбээр хэлэхдээ, “Нүүрсний экспортын 50-60 хувийг гаргаж буй Гашуунсухайт боомтыг 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, олон улсын боомт болгох саналыг импортлогч болон тээврийн компаниудаас гаргаж ирсэн. Үүнийг бид БНХАУ-ын талд мөн албан ёсоор тавьсан. Үүнд Монгол Улсын тал шаардлагатай дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй гэсэн хариу өгч, уг боомтыг олон улсын жишигт нийцүүлэх дээр хоёр тал санал нэгдэж байгаа" гэв.


Тодруулбал, Гашуунсухайт боомтыг олон улсын болгох ерөнхий төлөвлөлт, бэлтгэл ажлыг ханган, хөрөнгө оруулалт, төсөв санхүүжилтийг шийдсэн. Гэвч үйл ажиллагаа ковидын үеэр хойшлогдоод байсан юм. Одоо газар шорооноос эхлээд бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхлүүлж, 2023 оны эцэс гэхэд дуусгана. Ингэснээр экспортын гарцууд нэмэгдэж, ухаалаг болгох, хамгийн наад зах нь боомт дээр нүүрсээ гаргах гэж дугаарласаар байгаа, хонодог байдлыг эцэслэнэ гэв.  



Х.Булгантуяа: Нүүрсний цахим худалдаанд зориулсан экспортын тусгайлсан гарцыг гаргаж байна.



Уг боомтыг тасралтгүй ажиллагаатай болгохтой холбоотойгоор хил гаргах нүүрсийг буулгадаг Цагаан хадны үйл ажиллагааг зогсооно. Ингэснээр богинын тээвэр байхгүй болно гэдгийг мэдэгдлээ. Цагаан хад дээр нүүрс буулгадаг, буцаж ачихад хорогдол гардаг, олон шат дамжлагаар дамжиж, хулгай, авлига гардаг байдлыг зогсооно. Улмаар нүүрсээ хил рүү шууд гаргадаг уртын тээврийг эхлүүлнэ. Энэ нь саадгүй, тасралтгүй ажиллагаатай байх тул бэлтгэл хангах олон ажлыг өмнө хийнэ гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт оролцож буй БНХАУ-ын нүүрс импортлогч компаниудын төлөөлөлд танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг аль болох тээврийн олон төрлөөр хийхийг дэмжинэ гэдгийг илэрхийлж, нүүрс олборлогч компаниуд тээврийн зөвшөөрөл авах гэхээсээ илүү тээврийн компаниудтай гэрээ хийгээд явах нь зөв зохистой байх гэсэн саналаа хэлсэн юм. Эцэст нь цахим худалдаагаар нүүрсийг үгсэн хуйвалдаж бага үнээр худалдах, мөн оффтек гэрээгээр урьдчилж хямд үнээр нийлүүлэх зэрэг байдлыг үгүй хийх юм. Энэ бол дэлхий нийтэд байдаг биржийн арилжаа. Ингэснээр улсад орох татвар, орлого ил тод болж, нэмэгдэнэ гэдгийг онцоллоо.


Холбоотой мэдээ