Л.Месси ОУХБХ-ны оны шилдэг тоглогчоор шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-02-28 08:57:54

ЦЮРИХ. /AFP/. Аргентины хөлбөмбөгч Лионель Месси Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ОУХБХ/ 2022 оны шилдэг тоглогчоор шалгарчээ.


Өдгөө 35 настай Л.Месси 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолтод Аргентин-Францын шигшээ багуудын онооны харьцаа 3-3 тэнцэхэд хоёр гоолыг нь оруулсан бөгөөд аргентинчууд торгуулийн цохилтоор илүүрхэж, дэлхийн аваргын цомыг өргөсөн билээ.


Катарт болсон ДАШТ-ий “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорсон Л.Месси ОУХБХ-ны шилдэг тоглогчийн шагналыг /2019, 2022/ хоёр дахь удаагаа хүртэж буй нь энэ юм. Энэхүү шагналыг шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нар болон сэтгүүлч, хөгжөөн дэмжигчдийн саналаар олгодог.


Харин ОУХБХ-ны 2022 оны шилдэг эмэгтэй тоглогчийн шагналыг Испанийн хөлбөмбөгч Алексиа Путельяс хүртжээ. Өнгөрсөн долоодугаар сард өвдөгний бэртлийн улмаас тоглолтуудаа өнжихөөс өөр аргагүйд хүрээд байгаа тэрбээр бэртэхээсээ өмнө Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн шувтаргын тоглолт хүртэл “Барселона” клубтээ 11 гоол авчирсан байна. 


Холбоотой мэдээ