ДАРХАН-УУЛ: Эрдэнэвангийн хошууны төвөөс Дархан хот болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-03 16:21:48

Дархан /МОНЦАМЭ/. Эх орны минь хөрс, шороо, уул, ус бүхэн өөрийн гэсэн түүхийг хадгалж байдаг. Эрт үед ямар байсан бол, эзэн богд Чингисийн үед хэн гэдэг баатар амьдарч байсан, өнөө цагийн эхлэл зуун жилээр түүхээ ухрааж сөхөж үзвэл ямар байсан бол гээд хүн бүрт сонин бодлууд төрдөг нь лавтай. Ардын засгаас улбаатай хошуу нутаг, хот болтлоо хөгжих хүртлээ өмнө нь ямар байсан бол. Шаргал түүхийн нэгээхэн хэсгийг өөртөө агуулж буй Бурхантын хөндийн залуухан хот Дархан нутгийн эхлэл хэрхэн тавигдаж өнөөгийн төвийн бүсийн тулгуур, төрт улсын хоёр дахь том хот болон хөгжсөнийг тоймлон хүргэе. Эрх чөлөөт эх орны минь иргэд зуу гаруйхан жилийн өмнө Манжийн дарлалаас салж мандах нарыг хүссэнээрээ харж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төрт ёсны баяраа тэмдэглэж, түмэн олноо бичиг үсэгт суралцуулж эхэлсэн.


1911-1912 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд тус хошууны ноён Эрдэнэ гүн М.Намсрай онцгой гавъяа байгуулсан тул түүнд Ван цол олгосоноор Эрдэнэвангийн хошуу гэдэг болжээ. Улмаар 1924 онд Ардын засаг захиргаа байгуулагдах хүртэл энэ нэрээрээ нэрлэгдэж байжээ. Тус хошуу нь Халхын төвийн том хошуудын нэг бөгөөд Эрдэнэвангийн хошууны төв нь Дархан нутаг байжээ.


Энэ нутагт ардчилсан хувьсгал ялсны дараагаас дахин сэргэж үйл ажиллагаа явуулж буй нэгэн хийд бий. Тэрхүү хийд нь Дархан хотын баруун урд хэсэгт байрлах Халиар уул буюу одоогийн нэршлээр их Найдаг хайрханы өвөрт байрлаж байжээ. Тэрхүү хийд нь Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлан юм. Тус хийд нь дөрвөн дацантай, 200-300 орчим ламтай Эрдэнэвангийн хошууны томоохон хийдийн нэг байжээ. Хараагийн Дарь Эх ламын гуравдугаар дүрийн хувилгаан Бавуудорж нь төвд, орос, монгол, кирил бичиг сайн мэддэг Буриадын Итгэлт хамбатай нөхөрлөдөг, их номтой Чойжин буудаг хувилгаан хүн байсан гэдэг.


Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан 1924 онд Дархан хан уулын хошуу засаглан тогтсон гэдэг. Түүнээс хойш 1931 онд Сэлэнгэ аймгийн Дархан сум байгуулагдаж, Шарын Цагаан нуураас зүүн хойш Халзангийн хөтөлийн адагт, Ногоон толгой, Улаан шороот гэдэг хоёр уулын ар хормойд Хүйтэний голд төвлөрч байжээ.

1939 онд ЗХУ-аас Сэлэнгэ мөрнөө дамжин усан онгоцоор тээвэрлэгдэж ирсэн таваарыг Цагаан эргээс /одоогийн Сүхбаатар сум/ Улаанбаатар хот болон алс баруун аймаг руу түгээх жингийн унаа хөсгийг амрааж өртөөлөх хоёр дэн буудалтай Давхар уулын энгэрт байв. Сүүлд уран бүтээлчдийн урын санд дүрслэгдэн үлдсэн нь сануулбал Давхарын морин тэрэгний өртөө юм.

1948-1949 оны үед орос цэргүүд төмөр зам барьж, ажилчдын найман байшингаас бүрдсэн давхарын төмөр замын өртөө байгуулагджээ. 1958 оны намар Хүйтэний голд байсан Сэлэнгэ аймгийн Дархан, Хушаат сумыг шилжүүлэн суурьшуулж төр засгийн шийдвэрээр төмөр замын өртөө, барилгын түүхийн эдийн ордуудыг түшиглэн ирээдүйн Дархан хот байгуулах анхны бэлтгэл ажлыг гүйцэтгэж эхэлжээ.


Үүний дараа жил буюу 1959 онд атрын нэгдүгээр аянаар Дархан Сангийн аж ахуйг байгуулж, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит нэгдлийн 10 гаруй барилга нэмэгдэн 1500 гаруй хүн амтай жижиг тосгон байгуулагджээ.


1958-1960 онд Монгол-Зөвлөлтийн хайгуулчид Дархан хот орчмын нутгаас барилгын олон төрлийн түүхий эдийн ордуудыг илрүүлж, Шарын голын нүүрсний орд газарт нарийвчилсан хайгуул хийж, эрчим хүчний зрриулалтаар ашиглаж болох ихээхэн нөөц байгааг тогтоож баталсан аж.


Түүнчлэн Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1960 оны хоёрдугаар сарын 11, есдүгээр сарын 9-ний өдрийн хэлэлцээрүүд, 1961 оны гуравдугаар сарын 31-ний протоколын дагуу Дархан-Сэлэнгийн эдийн засгийн бүс нутагт аж үйлдвэрийн хот байгуулах ажлыг МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1961 оны гуравдугаар сарын 21-ний 105 дугаар тогтоолоор Дарханы барилгуудыг удирдах газрыг байгуулж, даргаар нь Т.Бавуудорж, орлогч даргаар Д.Пэлжээ, Б.Балдан нар ажиллаж эхэлжээ. Ингэснээр уг удирдах газар нь Дархан хотын анхны байгууллага болсон аж.


1961 оны долоодугаар сарын 3-ны өдөр МАХН-ын 14 дүгээр их хурлын тайлан илтгэлд барагцаалбал 40 мянган хүн оршин суух Дархан гэдэг шинэ хот байгуулахаар зааж, Дархан хотын барилга байгуулалтыг БНМАУ-ын Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 3 дугаар таван жилийн төлөвлөгөөний томоохон зорилт болгон тусгажээ.


Ийнхүү 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан хотын анхны суурийг тавив. Хотын суурь тавих ёслолд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар, ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Смирнов нар оролцож байжээ.


Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот УлсБолгарПольшУнгарЧехЗүүн Герман зэрэг улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 707м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай. 

Холбоотой мэдээ