Барилгын компаниудыг татварын бодлогоор дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-01 17:45:23

Орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд 534 тэрбум төгрөгийн зарцуулалт, үр дүнд шалгалт хийх талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээлэв.

Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд төрөөс барилгын компаниудад ямар хэмжээний зээл тусламж үзүүлснийг танилцуулахдаа ийнхүү хэлсэн юм. Орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан 101 компанид 534 тэрбум төгрөгийг зээл олгожээ.  Үүнд, цемент, арматурын үнийг тогтворжуулах зорилгоор 55 компанид 125 тэрбум, Чингис бондын хөрөнгөөр инженерийн дэд бүтцийн 71 төсөлд 31,2 тэрбум төгрөг, цемент үйлдвэрлэлийн 3 төсөлд 180,3 тэрбум төгрөг багтжээ.

Барилгын салбарт нийт 4500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч дээрх зээл шаардлагатай компаниуддаа хүрээгүй хэмээн сайд үзэж байгаа аж. Тэрбээр, “Зээлийг үйлдвэр бариагүй, 50 хүнтэй шинэ , шинэ компаниудад олгосон байна. Үүнийг багахан дэмжлэг үзүүлэхэд л хөл дээрээ босох хэмжээний чадвартай аж ахуйн нэгжүүдэд олгох ёстой байсан. Энэ зээл улсын төсвийг 7 хуваасны нэгтэй тэнцэнэ. Иймд шинэ Засгийн газар дахин хөрөнгө оруулалт хийхгүй, харин татварын бодлогоор дэмжиж, өмнөх зээлийн үр дүнг эргэж харна” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ