"Монголын шилдэг нийтлэл" 99 боть цуврал залуу сэтгүүлчдийн бүтээлээр өргөжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний сэтгүүл зүй үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд "Монголын шилдэг нийтлэл" цувралаар хэвлэгдсэн 66, 74, 86 (I, II) ботийг сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөллийн номын санд бэлэглэх арга хэмжээ болон доктор М.Наранчимэгийн "Цуцашгүй хөдөлмөрч Цэцэг нуурын шар бичээч" номын нээлт 3 дугаар сарын 7-нд "Улаанбаатар эрдэм" их сургуульд боллоо.
"Монголын шилдэг нийтлэл" цувралын 66 дугаар ботид Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Дариймаа, МОНЦАМЭ агентлагийн ахмад орчуулагч, сэтгүүлч П.Шагдар агсны сэтгүүл зүй, орчуулгын уран бүтээлүүд орсон бол 86 дугаар боть Ховд аймгийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Г.Төрмөнхийн уран бүтээлээс бүтжээ. Харин 74 дүгээр ботид Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатарын сэтгүүл зүйн төрлөөр туурвисан сурвалжилсан тэмдэглэл, хөрөг тэмдэглэл, аян замын тэмдэглэлүүд багтсан байна.
Академич Т.Дорж арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Ном бол ертөнцийг харах цонх" хэмээн М.Горький нэгэнтээ хэлсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүйг онцлоод "Монголын шилдэг нийтлэл" цувралыг санаачилж, эрхлэн хэвлүүлэгч доктор, профессор Т.Баасансүрэн, "Цуцашгүй хөдөлмөрч Цэцэг нуурын шар бичээч" шинэ номоо өлгийдөн авч буй доктор М.Наранчимэг нарт баяр хүргэж, уран бүтээлийн улам их амжилт хүслээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэн "Бидний эрхлэн гаргадаг "Монголын шилдэг нийтлэл" 99 боть цуврал бүрэн хэвлэгдэж дуусах шатандаа орж байна. Энэхүү цувралд Монголын үе үеийн шилдэг сэтгүүлч, судлаач эрдэмтдийн бүтээлүүд багтсан. Одоо 20 гаруй боть гарах л үлдээд байна. Эдгээрийн талыг буюу 10 гаруйг нь энэ цаг үед бичиж, туурвиж буй залуу сэтгүүлчдийн төлөөлөлд зориулахаар шийдвэрлэсэн юм. Залуу сэтгүүлч Э.Хүрэлбаатарын уран бүтээлүүд цувралын 74 дүгээр ботид багтсан нь үүний эхлэл юм" хэмээн ярилаа. Тэрбээр мөн энэ үеэр МСНЭ, Монголын Хэвлэлийн хүрээлэн, "Глоб интернэйшнл" ТББ, "Монголын шилдэг нийтлэл" ТББ хамтран "Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь"-ыг 3 ботиор бүтээх ажил эхэлж байгааг мэдээлээд сэтгүүлч, судлаачид, сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш нарыг нэвтэрхий толийг хийхэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэ өдөр нээлтээ хийсэн доктор, дэд профессор М.Наранчимэгийн "Цуцашгүй хөдөлмөрч Цэцэг нуурын шар бичээч" ном нь зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Т.Баасансүрэнгийн намтар, уран бүтээл, эрдэм судлалын ажлын тойм судалгаа юм байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч До.Чулуунбаатар номын нээлтийн үеэр "Сэтгүүлч, зохиолчдын дунд үнэхээрийн хөдөлмөрч нэг хүн байдаг нь манай Т.Баасансүрэн гуай. Тэрбээр нийтдээ 80 орчим ном туурвиад байгаа юм байна. Доктор М.Наранчимэг энэ судалгааны номоо бичихдээ Т.Баасансүрэн гуайн тэр олон номыг бүгдийг нь үзэж, үнэлэлт дүгнэлт өгсөн нь нөр их хөдөлмөр болжээ. Энэ утгаараа "Цуцашгүй хөдөлмөрч Цэцэг нуурын шар бичээч" ном бол Т.Баасансүрэн гуайн их туурвилын тайлан төдийгүй М.Наранчимэгийн чансаатай судлаач болж байгаагийн илэрхийлэл болсон байна" хэмээн онцлон тэмдэглэлээ. Номын зохиогч доктор М.Наранчимэг "Миний багш 13 настай сурагч байхдаа анхны уран бүтээлээ эхэлж, "Пионерын үнэн" сонинд гаргаж эхэлсэн хүн. Энэ цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл уран зохиол, нийтлэлийн 37, эрдэм шинжилгээ, судалгааны 38 ном бүтээж туурвисан байна. Өнөөдөр нээлтээ хийж буй "Цуцашгүй хөдөлмөрч Цэцэг нуурын шар бичээч" ном бол түүний 50 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлийг тоймлон шинжлэх оролдлогыг хийсэн бүтээл юм" хэмээн ярилаа.
Гэрэл зургийг Н.Батбаяр