“Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-13 13:52:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” өдөрлөгийг Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 15-нд Эрх чөлөөний талбайд зохион байгуулна.


Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас энэ жил “Цэвэр эрчим хүчний шилжилтээр дамжуулан хэрэглэгчдийг чадавхжуулах” уриа дор тэмдэглэхээр шийджээ. Өдөрлөгт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч, туслан гүйцэтгэгч, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид оролцож, амины орон сууцанд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах янз бүрийн боломж, шийдлийг танилцуулахыг ШӨХТГ-ын агентлагийн дарга Ц.Уртнасан мэдээлэв. 



“Эрчим хүч хэмнэхэд хамгийн гол нь орон сууцны дулаан алдагдлыг багасгах ёстой. Улсын хэмжээнд өдөрт 210 мегаватт цахилгаан импортолдог. Эрчим хүчний хомсдолтой үед сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн зөв зүйтэй ашиглах, урсгал зардал гаргадаггүй, орлоготой байж болох шийдлүүд ч бий” гэдгийг амины орон сууцны инновацын “Эрчим инженеринг” компанийн гүйцэтгэх захирал М.Батболд хэлж байлаа.

Холбоотой мэдээ