"Дархад хурд" наадамд 300 гаруй хурдан хүлэг уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-02 12:12:50

Дэлгэрхаан уулын их тахилга, Дархад хурд-5, шишгэд бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо толгойд болж зургаан насны 300 гаруй хурдан хүлэг шандас сорьлоо.

Дархад ястны өв уламжлал, зан заншлыг сэргээн хойч үедээ өвлүүлэн, өв соёлоороо бахархах, тэр дундаа Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх, нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг харуулан хамтран ажиллах, түүнийгээ олон нийтэд түгээн сурталчилах зорилгоор гурван жилд нэг удаа зохиогддог бөгөөд энэ жил 5 дахь удаагаа боллоо.

Дархад цагаан адуу нь бие томтой, бахим богино хүзүүтэй, хурд сайтай, хэвлий томтой, цээж өргөн шулуун урт биетэй адууны зүс ихэнхдээ цайвар бүгээн учир нутагшлаар нь дархад цагаан адуу гэж эртнээс нэрлэж иржээ. Дархад цагаан адуу нь ихэвчлэн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын нутагт өсгөн үржүүлж уналга эдэлгээнд ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд ойт хээр, өндөр уулын бүсэд нутгийн монгол адуунд цус сэлбэн сайжруулж орон нутагт үүлдэр болгон үржүүлэх судалгааны ажил хийж байгаа гэнэ. Энэ жилийн наадам Дэлгэрхаан уулын их тахилгаар эхэлсэн бөгөөд наадамд Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул сумын дархад зон олон, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд орон нутгийн иргэд гадаад дотоодын жуулчид төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр “Дархад зоны ахуй, зан заншлын гайхамшиг” шишгэд бүсийн сумдын орон нутаг өв соёлоо сурталчилах үйл ажиллагаа “Бидний өв соёл бидний бахархал” шишгэд бүсийн сумдын урлагийн тоглолт олон иргэдийн анхаарлыг татаж байлаа. Мөн “Ганган хос морьтон” шалгаруулах урлдааанд 10 гаруй хос морьтон, харваачдын тэмцээнд 80 гаруй харваач, бөхийн барилдаанд аймаг сумын цолтой 128 хүчит бөх барилдсан өргөн дэлгэр наадам боллоо. 

 Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ