ЗАВХАН: Цэвэрлэх болон ариун цэврийн байгууламжийн хүртээмж нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-22 18:51:26

Улиастай/МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийн хамгийн чухал уриалга нь ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэх. Шаардлагатай аливаа өөрчлөлтийг хурдасгах юм.

Тэгвэл, Завхан аймаг ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэх, байгаль орчинд ээлтэй цэвэрлэх байгууламжтай болох эхлэлийг тавьжээ. Тухайлбал, хоногт 3000 шоо метр бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх барилгын ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн.


Шинээр барих цэвэрлэх байгууламж нь иргэдийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, байгаль экологийн хувьд өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм. 

Цэвэрлэх байгууламж нь биологийн цэвэрлэгээний байгууламж бөгөөд лагийг боловсруулж бордоо гаргах. Бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх бөгөөд одоо ашиглагдаж байгаа цэвэрлэх байгууламжаас хүчин чадал нь гурав дахин илүү аж.


Ийнхүү цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нэмэгдсэнээр Улиастай суманд байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламжтай болох юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Хоногт 3000 шоо метр бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дөрвөн аймагт барихаар болсны нэг нь Завхан аймаг юм.  


Завхан аймаг өнөөдрийн байдлаар хоногт цэвэр, бохир усны үйлчилгээг 16.9 км ариутгах татуургын шугам сүлжээгээр явуулдаг. Хоногт дунджаар 1300 шоо метр цэвэр ус олборлон түгээж, 1170 шоо метр бохир усыг татан зайлуулж байна.

Одоогийн ашиглаж байгаа цэвэрлэх байгууламжийг Азийн Хөгжлийн банкны зээлийн хөрөнгө оруулалтаар 2001 онд анх ашиглалтад оруулсан. 1300 шоо метр септиктэй, хоёр ширхэг лагийн талбайтай, найман ширхэг карттай хэвийн горимоор ажиллаж байна. Цэвэрлэгээний түвшин жилд дунджаар 73 хувьтай байна. Цаашид хүн амын өсөлт, хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед шинээр барих цэвэрлэх байгууламж нь иргэдийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, байгаль экологийн хувьд ач холбогдол ихтэй хөрөнгө оруулалт юм гэж "Амь Ус" ХХК-аас нэмж мэдээлэв. 

 

Завханы бүх сум цэвэрлэх байгууламжтай болно

Аймаг орон нутгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд өнгөрсөн онд хоёр суманд шинээр 50 шоо метр, бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг хийжээ.

Харин энэ онд үргэлжлүүлэн бусад суманд үе шаттайгаар цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг эхлүүлж, зураг төслийн ажлууд хийж байна. Тиймээс сумдын бохир усны хоногийн хэрэглээ, ариутгах татуургын ашиглалтын байдлыг харгалзан үзэж эрэмбэлж цэвэрлэх байгууламж нэн түрүүнд шаардлагатай сумдын нэрсийг Барилга хот, байгуулалтын яаманд хүргүүлээд байгаа. Түүнчлэн сумдын сургууль цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг бага оврын ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлсэн тухай аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс дуулгав.

Завхан аймгийн хэмжээнд нийт цэцэрлэг, сургуулийн 90 орчим хувь нь стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болоод байна.


2022 онд 14 сумын боловсролын салбарын 42 объект стандарт шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон.

Мөн Улиастай сумын зургаан сургууль, 9 цэцэрлэг гээд боловсролын салбарын бүх объект стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болсон.

Энэ жил боловсролын салбарын объектуудын модон жорлонг шинэчлэх ажил үргэлжилнэ гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр заасан. 


Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэхээр болсон юм.



 Тогтвортой хөгжлийн зургаадугаар зорилтыг хангаж байна

Завхан аймгийн боловсролын салбарын 90 орчим байгуулага НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр ус цэвэршүүлэгч аппараттай болсон.


Тухайлбал, 5197 цэцэрлэгийн хүүхэд, 15778 ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд, 1146 багш ажилтнууд стандарт хангасан ундны усаар хангагдаж байна. 

НҮБ-ын дэмжлэгээр олгосон энэхүү ус цэвэршүүлэгч аппаратыг MNS6782: 2019 ерөнхий шаардлагад нийцүүлэн, 75 хүүхдийн дунд зориулалтын нэг ус цэвэршүүлэгч байхаар зааж өгсний дагуу хүүхдийн тоонд харьцуулан сургуулиудад хуваарилжээ.



-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 6-д: “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангана” хэмээн заасан. Энэ 6-р зорилттой холбоотойгоор 2030 он гэхэд хүн бүрийг аюулгүй, боломжийн үнэтэй ундны ус, тэгш хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангасан байх шаардлагатай болж байна. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сантай энэ чиглэлээр Завхан аймаг хамтран ажиллаж бодит үр дүнг бий болгож байгаа жишээ нь энэ юм.

Холбоотой мэдээ