БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-24 13:33:50

ТОКИО. /TASS/. БНАСАУ гуравдугаар сарын 21-23-ны хооронд дэлбэрснийнх нь дараа "асар хүчтэй цацраг идэвхт цунами" үүсэж болзошгүй цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай шумбагч дрон туршлаа гэж тус улсын “Солонгосын дуу хоолой” радио мэдээлжээ.


“Энэхүү нууц зэвсгийн даалгавар бол байлдааны ажиллагааны бүсэд нууцаар хүрч, усан доор цөмийн цэнэгт хошууг дэлбэлж, дайсны хөлөг онгоцууд болон боомтыг устгах асар хүчтэй цацраг идэвхт цунами үүсгэх юм" гэж мэдээнд дурдсан байна.


Мэдээнд онцолж байгаагаар, гуравдугаар сарын 21-нд уг шумбагч дроныг БНАСАУ-ын зүүн эрэгт орших Хамгён-Намдо муж орчимд хийсэн сургуулилалтын бүс рүү илгээсэн бөгөөд 59 цагийн турш усан доор байжээ. Ингэхдээ 80-150 метрийн гүнд чиглэлээ тогтмол өөрчилж байсан байна. Шумбагч дрон гуравдугаар сарын 23-нд дайсны боомтыг дуурайлган хийсэн, Хонвон булан дахь байдаа хүрч, туршилтын цэнэгт хошууг усан доор дэлбэлжээ. 


“Туршилтын үр дүнд усан доогуур довтлох цөмийн шумбагч төхөөрөмжийн тактикийн болон техникийн бүх шинж чанарыг нарийн үнэлж, найдвартай байдлыг нь баталгаажуулснаас гадна, үхлийн цохилт өгөх чадалтай болох нь батлагдсан" гэж Умард Солонгосын төрийн радио мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ