“Залуучууд” театр шинэ уран бүтээлээ толилуулна

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-09-04 00:22:30

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нар аймгийн “Залуучууд” театрын ажилтай танилцав. Тус театр нь уран бүтээл, захиргаа, аж ахуй үйлчилгээний нийт найман ангид 54 уран бүтээлч, 45 ажилтантайгаар жилд 60 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийт 588 хүний суудал бүхий их танхим, 250 хүний багтаамжтай дугуй танхим, 80 хүүхдийн суудалтай “Хүүхэлдэйн театр”-аар дамжуулж Дарханчуудад соёл, урлагийг түгээдэг. Энэ намар тус театрын 40 жилийн ой тохиож буй хүрээнд томоохон уран бүтээлүүдийг тайзнаа амилуулахаар төлөвлөжээ. Тухайлбал энэ оны хоёрдугаар сард “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжгээр багачууддаа бэлэг барьсан бол ирэх сард “Хар санаа хайр сэтгэл”, “40 жил, дөрвөн өнгө” хэмээх хоёр шинэ уран бүтээлийг толилуулахаар уран бүтээлчид ажиллаж байна гэж театрын дарга А.Болорсүх ярилаа.

Уулзалтын үеэр театрын нийт ажилтнууд цалин багатай хэдий ч зүрх сэтгэлээ уран бүтээлдээ зориулан цаг наргүй ажилладгаас гадна чанартай уран бүтээл гаргахад зардал хүрэлцдэггүй гэж байлаа. Түүнчлэн одоогийн байдлаар Залуучууд театрын барилгын дээврийг засварлах шаардлага тулгараад байгааг аймгийн удирдлагуудад танилцуулсан юм. Уг асуудлыг хэлэлцсэний дүнд энэ онд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан засварлаж дээврийн засварт шаардагдаж буй 117 сая төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах санал оруулахаар боллоо.

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ