ЗАВХАН: Бэлчээрийн даац 82 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-29 16:59:12

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажлыг хийжээ.

Завхан аймгийн хэмжээнд 2016 оноос эхлэн бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажлыг хийж байна. Өнгөрсөн жилээс эхлүүлсэн судалгааны ажлыг долоо дахь жилдээ зохион байгуулж, мониторингийн цэгийн тоог жил бүр нэмэгдүүлэх. Мониторингийн цэгийн төлөөлөх чадварыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Ингээд, аймгийн хэмжээнд нийт 440 цэгт хээрийн хэмжилт судалгааны ажлыг хийж судалгааг нэгтгээд байна.


2021-2022 оны бэлчээрийн сэргэх чадавхын дүнгийн хувийг харьцуулан гаргахад, нэгдүгээр ангилал 46 цэгээс 27 цэг болж буурсан байна. Харин хоёрдугаар ангилал 233 цэгээс 208 цэг болж буурсан. Гуравдугаар ангилал 85 цэгээс 93 цэг болж өссөн. Дөрөвдүгээр ангилал 49 цэгээс 64 цэг болж өссөн. Тавдугаар ангилал 27 цэгээс 38 цэг болж өссөн байна. 

2022 оны байдлаар аймгийн хэмжээнд бэлчээрийн даац өмнөх онтой харьцуулахад 82.05 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд малын тоо толгой 147.32 мянган толгой малаар хэтэрсэн үзүүлэлттэй байна.


Харин өнгөрсөн оны бэлчээрийн газрын ургацын мэдээ зургаадугаар сарын эхний долоо хоногт 1 га газарт 35 кг, наймдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 1 га газарт 252 кг ургацтай байна.

Мөн тухайн саруудад Түдэвтэй сум, Сантмаргац сум, долдугаар сард бүх сум нэлэнхүйдээ, наймдугаар сард аймгийн хойд бүсийн сумд, урд бүсийн сумд нэлэнхүйдээ бэлчээрийн газрын ургац муудаж, доройтолд орсон. 

9 дүгээр сард Их-Уул, Цагаанчулуут сум, 10 дугаар сард Их-Уул, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн, Алдархаан сум бэлчээрийн газрын доройтолд маш их өртсөн байна.


Цаашид бэлчээрийн газрын доройтлын судалгаа мэдээлэлд үндэслэж, бэлчээрийг сэлгэх, амраах, цаг агаарт зориудаар нөлөөлөх, бэлчээрийг хамгаалах. Малын тоо толгойг зохистой түвшинд барих, тухайн орон нутгийн бэлчээрт тохирсон тооны малыг бэлчээхэд анхаарах, бэлчээрийн ургамлын сэргэн ургалтад нөлөөлөх үйл ажиллагааг явуулж, малын тэжээл тариалах гэх мэтчлэн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ