АРХАНГАЙ: Шилжин ирж буй иргэн, ААН-ийг хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулахыг чиглэл болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-30 09:47:24

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга байгууллагын удирдлага, сумдын Засаг дарга нартай ээлжит хурал хийлээ. Тус хурлаар өмнөх сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, ихэнх сум, байгууллагууд хугацаандаа хангалттай хэрэгжүүлж ажилласныг дурдлаа.


Хурлын төгсгөлд цаашид хийж хэрэгжүүлэх тодорхой хэдэн чиглэлээр үүрэг өгсөн юм.


-Сар бүрийн 3 дахь долоо хоногийн хагас сайн өдрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгох аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг засаж сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах,


-Хаваржилтын нөхцөл байдал, малын халдварт өвчний талаар судалгаа хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах, хаваржилт хүндэрч болзошгүй сумдын малчдад эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй хүргэх,


-“Нээлттэй Архангай” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэд, ААН-ийг газар, хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулж, төрийн зүгээс боломжит бүх дэмжлэгийг үзүүлэх,


-Сумдын Засаг дарга нарт ИТХ-аар цаг үеийн асуудлаа тухай бүр шийдүүлж, сум орон нутаг, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байх зэрэг 26 чиглэлд үүрэг даалгавар өгчээ.

Холбоотой мэдээ