АРХАНГАЙ: Нойр булчирхайн хавдрын мэс заслыг орон нутагтаа хийхээр зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдрын мэргэжлийн гурван эмчийг бэлтгэн, орон тоогоор ажиллуулж байна. Эмч нар амбулаторийн үзлэгийг жилд дунджаар 2638 хүнд хийж, 139 хүнийг хэвтүүлэн эмчилж байна.
Архангай аймгийн хүн амын дунд зохилдог таван хавдар байдгаас элэгний хавдар 1-рт ордог байна.
2018 онд хавдрын нэг эмчийг хими эмчилгээгээр мэргэшүүлэн
бэлтгэснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 386 хүнд химийн эмчилгээ
хийжээ.
Хавдар судлалын үндэсний төвтэй аймгийн Эрүүл мэндийн
газар, Нэгдсэн эмнэлэг 2021 оноос хамтран ажиллах гэрээ байгуулан, хавдрын
тусламж үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оноос 10 ортой хавдрын
тасгийг өргөтгөн байгуулсан байна.
Мөн хавдрын мэс засал хийх багийг бэлтгэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдрын хагалгааг өнгөрсөн долоодугаар сард нэвтрүүлсэн ба түүнээс хойш 5 хагалгааг амжилттай хийгээд байна. Энэ таван хагалгаа нь бүгд хожуу шатандаа оношлогдсон буюу 40-50 хувь хүртэл томорсон үедээ оношлогдож, элэгний баруун талыг тайрах хагалгааг бүгд хийлгэжээ. Эрт үедээ оношлогдвол зөвхөн сегмент тайрах, хавдартай хэсгийг тайрах зэрэг жижиг тайралтыг хийх боломжтой аж.
Энэ онд элэгний хавдрыг дурангаар тайрах, нойр булчирхайн хавдрын мэс заслыг орон нутагтаа хийхээр зорьж байгаа ажээ.
Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн
зүгээс хөх умайн хүзүүний хавдрын илрүүлэгт хиймэл оюун ухааны технологи
нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.