Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Business платформын нээлтэд оролцож, тоон гарын үсгээ авахыг иргэдэд уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “E-Business” платформын нээлтэд оролцож бизнес эрхлэгчдэд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, дэмжихийн тулд авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, төрийн хэт оролцоо хяналт, хүнд суртлыг арилгахаар шат дараатай ажлуудыг хийж байна. Үүний нэг нь “E-Business” бизнес эрхлэгчдэд зориулсан платформ юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар технологийн дэвшилд тулгуурлаж, хүнд суртлыг багасгах зорилт тавьж байгаа. “5Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагаа ч үүнтэй холбоотой. “Е-Business” платформ нээгдсэнээр тусгай зөвшөөрөл авахаас эхлээд компани байгуулахад улсын бүртгэл, татварын байгууллага дээр заавал очих шаардлагагүй болж байна. Энэ бол дөнгөж эхлэл гэдгийг онцоллоо.
“Е-Business” платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, төрийн 226 үйлчилгээ, нийт 658 үйлчилгээг нэвтрүүлээд байна. Ингэснээр аж ахуйн нэгж шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэргээр бүх үйл явц цахимжиж байна. Мөн бизнес эрхлэгчид төрийн байгууллагын хооронд хүнээс хамааралтай болон дүрэм журмаас шалтгаалсан, хүнд суртал, ашиг сонирхлоос үүдэлтэй олон хүндрэл, үргүй зардлыг хэмнэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах гэдгийг тэрбээр онцлоод оны эцэс гэхэд “И-Монголиа” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсгэнд шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэдэдээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна” гэлээ.
Цахим гарын үсгийн тухай хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байгаа. Улсын бүртгэлийн байгууллага 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хүсэлт гаргасан иргэнд иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машинаар тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг эхлүүлээд байна. 2022 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мобайл аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг олгох ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгосон байна.
Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээг цахимжуулах ажил хурдтай явагдаж И Монголиа системд төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг нэгтгэсэн бол Зөвшөөрлийн тухай хуулиар 1600 зөвшөөрлийг 360 болгож цөөлөөд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, 26 чиглэлийн хяналтын 13 давхардлыг арилгажээ. Төрийн банк IPO гаргаж, Эрдэнэс Монгол нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилтнуудыг сонгож, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох ажил эхэлж, орон нутаг дахь бизнесийн орчныг дэмжих бодлого ч явагдаж байна.