АРХАНГАЙ: Малын хорогдол ихтэй сумдад тэжээл хуваарилав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-07 10:10:07

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн мал хамгаалах сангийн зөвлөл хуралдаж, хаваржилт хүндэрч, малын хорогдол ихтэй байгаа сумдад тэжээл хуваарилах шийдвэр гаргалаа.


Хангай, Өгийнуур, Батцэнгэл, Өлзийт, Цэнхэр, Төвшрүүлэх, Чулуут, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэбулган зэрэг нэр бүхий 10 суманд аймгийн нөөцийн үлдэгдэл тэжээл болох 700 шуудай хивэг, 500 шуудай хорголжинг 50 хувь хөнгөлөлттэй үнээр, 700 шуудай ашигт долооцыг үнэгүй олгоно.  


Тэжээлийг сумдад хүргэх тээврийн зардалд зориулан нийт 2.6 сая төгрөгийн шатахууны дэмжлэгийг аймгийн ХХААГ-аас шийдвэрлэж, дээрх сумд хуваарийн дагуу тэжээлээ татан авах ажлыг зохион байгуулж байна. 


Оны эхнээс Архангай аймагт 5.8 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар нийт 145436 толгой мал хорогдсон байна. Задалбал, тэмээ 33, адуу 7433, үхэр 18240, хонь 65481, ямаа 54249 хорогджээ. Үүний дотор 1142 хээлтэгч мал орж байна. 


Энэ онд нийт 2,1 сая толгой эх мал төллөхөөс 27328 толгой эх мал төллөж, 3285 толгой төл хорогдож, 24043 толгой төл 88 хувьтай бойжиж байна. 


Аймгийн дүнгээр нийт төллөвөл зохих хээлтэгчийн 1,2 хувь төллөсөн мэдээтэй байна.

Холбоотой мэдээ