Хятадын суудлын автомашины борлуулалт өнгөрсөн сард өөрчлөгдсөнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-11 11:18:45

БЭЭЖИН. /Reuters/. Автомашины компаниуд үнээ бууруулж, орон нутгийн засаг захиргаанаас урамшуулал хэрэгжүүлсэн нь эрэлтийг дэмжихэд тусалсан хэдий ч гуравдугаар сард Хятадын суудлын автомашины борлуулалтын өсөлт өмнөх оныхтой харьцуулахад өөрчлөгдөөгүйг даваа гарагт танилцуулсан салбарын мэдээлэл харуулжээ. 


Хятадын Суудлын автомашины холбооноос (CPCA) мэдээлснээр, гуравдугаар сард 1.61 сая автомашин борлуулсан бол энэ оны эхний гурван сарын борлуулалт 13.4 хувиар унаж, 4.33 сая  болсон байна. 


Харин цэнэг хураагууртай цахилгаан машин болон хосолмол хөдөлгүүрт зэрэг шинэ эрчим хүчний машины борлуулалт гуравдугаар сард 21.9 хувиар өсөж нийт борлуулалтын 34 хувийг эзэлжээ.


Нийт борлуулалтын 35.5 хувийг Хятадын автомашин үйлдвэрлэгч “BYD” компани, харин “Tesla” компани 14 хувийг эзэлсэн байна.


“CPCA” -ын ерөнхий нарийн бичгийн дарга Куй Донгшю сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын борлуулалт бага үзүүлэлттэй байсныг дурдаад энэ жилийн дөрөвдүгээр сард борлуулалт маш сайн өснө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэдэгджээ. 


Ташрамд дурдахад, Хятадын эрх баригчид Шанхай зэрэг томоохон хотууддаа 2022 оны дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон.


Энэ онд “Tesla” компанийн эхлүүлсэн "үнийн дайнд" 40 гаруй брэнд нэгдсэн бөгөөд “Nissan”, “Toyota”, “Volkswagen” зэрэг компаниуд зах зээлд эзлэх байр сууриа хамгаалахын тулд дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хамгийн сайн борлуулалттай загварууддаа ихээхэн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн билээ. 


Холбоотой мэдээ