Сурагчид агаарын чанарыг хэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-11 15:09:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн “Public Lab Mongolia” ТББ 2020 оноос эхлэн ЕБС-ийн сурагчдад агаарын чанарын боловсрол олгох зорилгоор “Air Quality Inquiry Program” (AQIQ) хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дээрх байгууллага “Breathe Mongolia ТББ-тай хамтран “Өвөл юу болов: Агаарын чанарыг сенсороор хэмжих нь” сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр агаарын бохирдол, агаарын чанарын талаар хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлж, ЕБС-ийн сурагчид агаарын чанарыг судалж туршсанаа танилцуулсан юм.


Өдөрлөгөөр агаарын бохирдол, чанарыг тандан судлахад хямд өртөгтэй төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой эсэх, эдгээр төхөөрөмжийн давуу болон сул тал, байгууллага, хувь хүмүүс агаарын чанарын хэмжилт хийхэд юуг анхаарах зохистой, хэмжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, ойлгуулах талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

“Air Quality Inquiry Program” (AQIQ) хөтөлбөрийн хүрээнд жил бүр МУИС-ийн оюутнуудыг сургагч багшаар бэлтгэн, бэлтгэсэн сургагч багш нар сонгосон ЕБС-ийн сурагчдад агаарын чанарын талаар танхимын хичээл, туршилт, судалгаа хосолсон 4-6 сарын хөтөлбөрийг заан хэрэгжүүлж байна.  


Тодруулбал, энэ оны оролцогчид болох нийслэлийн 5 дугаар дунд сургууль болон МУИС-ийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн сурагчдаас бүрдсэн 6 баг өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд агаарын чанарын хэмжилт хийдэг “под” төхөөрөмжийг ашиглан практик туршилт, судалгаа хийжээ.


Энд “Байгаль эх” лицей ахлах сургуулийн сурагчид нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд агаар хэрхэн бохирдуулж буйг шинэ болон хуучин автобусны яндангаас гарч байгаа утааг хэмжин туршилт хийжээ. Харин бусад баг нь дэлгүүр, худалдааны төв дэх нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг судалж, олон нийт өргөнөөр үйлчлүүлдэг “Теди”, “Бөмбөгөр”, “И-Март” зэрэг худалдааны төвийн CO2-ын хэмжээг харьцуулжээ. 

Холбоотой мэдээ