2042 оноос нааш бүх нийтэд анхан шатны боловсрол олгож чадахгүй байж магадгүй

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-09-06 13:28:16

НЬЮ-ЙОРК. /ВВС/. 2030 он гэхэд бүх хүүхдэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх зорилтод хүрч чадахгүй байх магадлалтай байна гэж ЮНЕСКО-гийн тайланд анхааруулжээ.

Уг зорилтод хүрэх ажлын явц одоогийнх нь шиг удаашралтай байх аваас 2042 оноос нааш энэ зорилтод хүрч чадахгүй гэж ЮНЕСКО мэдэгдлээ. 2030 он гэхэд хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэлхийн удирдагчид 2015 онд дэвшүүлэн тавьсан юм.

Тус агентлагийн тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд сургуульд сурч чадахгүй байгаа бага насны 61 сая хүүхэд байна. ЮНЕСКО-гийн “2016 Global Monitoring Report” тайланд “дорвитой өөрчлөлт гарахгүй бол 2030 он гэхэд бүх нийтэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх зорилтод хүрч чадахгүй байж магадгүй” гэжээ.

Харин бүх сурагчдад дунд боловсрол эзэмшүүлэх зорилтод 2084 оноос нааш хүрч чадахгүй байх төлөвтэй байна. Учир нь, дэлхийн нэн ядуу буурай болон зөрчил мөргөлдөөнтэй байгаа улс орнуудад сургуульд хамрагдах боломж хамгийн хязгаарлагдмал байна.

Нигер, Өмнөд Судан, Буркина Фасо, Афганистан, Мали болон Чадын хүүхдүүд боловсрол эзэмшихэд хамгийн бага хугацаа зарцуулж байна.

ЮНЕСКО-гийн тайланд “хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх үйл явцад хангалттай ахиц дэвшил гарахгүй байна” гээд, боловсролын салбарт үзүүлэх олон улсын тусламж дэмжлэгийн хэмжээ 2010 оны мөн үеийнхээс эрс буурсан байна" гэж анхааруулжээ.

Ядуу улс орнуудад боловсролын хүртээмж хамгийн муу байна. Эдгээр улсуудад хөдөөний охидын ердөө  1-хэн хувь нь дунд боловсрол эзэмшдэг аж.

ЮНИСЕФ-ийн өнгөрсөн долоо хоногт гаргасан тайлангаас үзвэл, анхан шатны боловсрол эзэмшиж чадахгүй байгаа хүүхдүүдийн тоогоор Либери дэлхийд тэргүүлж байна. Тодруулбал, тус улсын хүүхдүүдийн гуравны хоёр нь сургуульд сурч чадахгүй байна.

Харин Өмнөд Суданд дэгдсэн иргэний дайны улмаас олон сургууль хаалгаа барихад хүрснээр хүүхдүүдийн 59 хувь нь анхан шатны боловсрол эзэмшиж чадахгүй байна.

Мөн  Нигерийн бага насны хүүхдүүдийн гуравны нэг гаруй нь сургууль завсарджээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ