Нийтийн тээврийн үйлчилгээнд 737 автобус нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-14 10:53:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг 2022-2024 онд 80 хувьд нь хүргэж, 1215 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөөд байгаа.


Үүнээс энэ онд 737 автобус худалдан авахаар төлөвлөж, ирэх онд 73 цахилгаан автобус оруулж ирснээр паркаа бүрэн шинэчлэх юм. Өнгөрсөн онд цахилгаан 36, давхар 10, дизель 284, сургуулийн хүүхдийн 75 автобус оруулж иржээ.


ЗТХЯ, НЗДТГ хамтран цахим гэрчилгээ нэвтрүүлснээр 600 мянган автомашиныг бүрэн хянах бүртгэлийн систем бий болно. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ жилээс BRT төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээс гадна дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БХБЯ-тай хамтран “Сэлбэ сэргэлт төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Сэлбэ, Дунд голын ай сав газрыг далангаар бэхжүүлж, голын урсцыг нэмэхээс гадна төсөл хэрэгжсэнээр хотын авто замын хөдөлгөөнийг сайжруулж, гол замын ачааллыг бууруулах олон давуу талтайг НИТХ-ын зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа. 

Холбоотой мэдээ