Улаангомын 2000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-06 18:18:33

Шинэ хичээлийн жилд Увс аймгийн Улаангом сумын 11 цэцэрлэгийн 58 бүлэгт 2324 хүүхэд хүмүүжиж байгаа урьдчилсан дүн мэдээтэй байна.

Эдгээрээс хоёр нь хувийн цэцэрлэг бөгөөд үлдсэн нь улсын цэцэрлэгүүд байна. Харин хөдөөгийн 18 сумын 129 цэцэрлэгийн бүлэгт 4252 хүүхэд сурч байгаа аж. Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж хомс тул Улаангом сумын хэмжээнд гэхэд 2000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

Улаангом сумын 9-р багт улсын төсвийн хөрөнгөөр 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаж байгаа ч энэ ондоо багтаж ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй байгаа юм.

“Шинэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 29 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд одоогоор бүх цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна” хэмээн аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Р.Сарантуяа мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ