УИХ-ын сонгуулийн намын жагсаалтын суудлыг хуваарилах их үлдэгдлийн зарчим
ТОЙМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Парламент УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийг хэлэлцэж
байгаа юм. Энэ удаагийн парламентын сонгуулийн хуулийн гол өөрчлөлт УИХ-ын 7
удаа /1992 оноос хойш/-гийн ээлжит сонгууль явуулсан мажоритар тогтолцооны
сонгогчийн өгсөн санал гэдэг сул тал, гардаг орон зайг бага болгох үүднээс
сонгуулийн пропорциональ тогтолцооны хэлбэрээс оруулжээ. Парламентын сонгуулийн
үндсэн хоёр тогтолцооны хэлбэрийг тус бүрд нь авч үзвэл давуу болоод сул тал
аль альд нь байна. Эдгээр тогтолцооны хэлбэр тус бүрээс нь тусгаж УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн эрх зүйн орчинг шинэчлэхээр болжээ. Түүнийг сонгуулийн хосолсон /параллель/ холимог тогтолцоо
гэж нэрлэсэн байх юм.
Холимог хувь тэнцүүлсэн тогтолцоо /ХХТТ/ нь
сонгуулийн хоёр системээс бүрэлдэх тул сонгогчид нэр дэвшигчид болон жагсаалтын
гэсэн хоёр санал өгнө. Энэ нь нэг хуудсанд санал дараалан бөглөхөөр байж болно.
Түүнийг сонгогч саналын 2 хуудас бөглөсөн гэж тооцож болно. Сонгогч 1 саналын
хуудсаар нэр дэвшигч /нар/-д өгсөн саналыг тухайн нэр дэвшигчийн намд өгсөн
санал гэж автоматаар давхар тооцох нь бий. Энэ нь түгээмэл биш боловч сонгуульд
хэрэглэгддэг гэж “сонгуулийн холимог тогтолцоо онол, практик” гэсэн гарын
авлагад дурджээ. Сонгуулийн пропорциональ тогтолцооны парламентын суудлыг
хуваарилдаг зарчмыг доорх байдлаар олон улсад тодорхойлжээ. Тухайлбал:
- Хамгийн их үлдэгдэл /ХИҮ/-ийн зарчим буюу 1 суудалд ногдох саналын квот тооцсоны үндсэн дээр 1 буюу түүнээс олон квот хангасан намуудад ногдох суудлыг хуваарилсны дараа үлдсэн суудлыг квотод хамгийн дөхсөн намуудад олгоно. Нийт хүчинтэй саналын тоог парламентын суудлын тоонд хуваах ХИҮ зарчмыг хамгийн өргөн ашигладаг энгийн хэлбэр юм байна.
- Хамгийн их дундаж /ХИД/-ийн зарчмыг ашиглах нөхцөлд тодорхой шатанд хамгийн олон санал авсан намд суудал хуваарилдаг. Тухайн намын суудлын тоо нь урьдчилан тогтоосон хүчин зүйлүүдэд хуваагдах замаар багасдаг. Нийтлэг тохиолддог 2 хуваагчийг дурдахад Японд хэрэглэдэг d’ Hondt, 1, 2, 3…, шинэ Зеландад хэрэглэдэг Sainte-Lague, 1, 3, 5…, байна.
Эдгээр суудал хуваарилах зарчмыг бие биеэс нь ялгахын тулд сонгуулийн пропорциональ тогтолцоо, намын жагсаалтаар Тунис улс 2011 онд санал хураан суудал хуваарилсан байдлыг “сонгуулийн холимог тогтолцоо онол, практик” гэсэн гарын авлагад хэрхэн тайлбарласныг авч үзье. Тус улсын нийт хүчинтэй саналын 37 хувийг хамгийн том нам нь авчээ. Энэ сонгуулийн дүнг хамгийн их үлдэгдлийн /ХИҮ/-ийн зарчмаар хуваарилахад парламентын суудлын 41 хувь нь тухайн намд оногджээ. Парламентын суудлын 50 хувийг дангаараа авч чадаагүй тул тэд бусад намтай зөвшилцөхөд хүрсэн байна. Хэрэв Sainte-Lague хамгийн их дундаж /ХИД/ зарчмаар суудал хуваарилсан бол дээрх намд нийт суудлын 55 хувь ногдож Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх байжээ. Мөн d’ Hondt хамгийн их дундаж /ХИД/ зарчмаар парламентын суудлыг хуваасан бол 69 хувь ногдох байжээ.
УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хосолсон холимог хувь тэнцүүлсэн тогтоолцоо /ХХТТ/-г багтаасан төслөөс харвал УИХ-д суудалтай том намууд болон суудалгүй жижиг намд ашигтай байж болох хоёр хэлбэрийн аль алийг сонгосонгүй. Намуудын нэрсийн жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдэд суудал хуваарилах сонгуулийн пропорциональ тогтолцооны хамгийн их үлдэгдэл /ХИҮ/-ийн зарчмаар хуваарилах энгийн хэлбэрийг сонгожээ.
Хуулийн
төсөлд :
- 74.3.4. Энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл
тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-д заасны дагуу тооцож
гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж Улсын Их Хурлын гишүүний 38
суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна.
- Тайлбар: Их үлдэгдлийн зарчмаар хувь
тэнцүүлэн хуваарилах гэж энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.4-т заасны дагуу
нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний
ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал
үлдвэл хамгийн их үлдэгдэл буюу хамгийн их бутархай хувьтайгаас нь эхлэн нэг
нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж
дуусахыг ойлгоно гэжээ.
Гэхдээ намын жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн тоо 38, 28 гэсэн хоёр хувилбар хуулийн төсөлд байгаа. Янз бүрийн улс төрийн үзэл санаа, бодлого, байр суурийг дэмжигч улс төрийн бүлэг хэсгүүдийн оролцоог хангах нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцооны гол зорилго оршдог. Энэ зорилгод нийцүүлэн намын жагсаалтаар хувь тэнцүүлэх зарчмаар суудал авах боломжтойгоор эрх зүйн орчин бүрдүүлэх бололтой. Сонгуулийн хоёр тогтолцоог уялдуулж нэг хэлбэр /холимог тогтолцоо/-т шилжүүлэхэд намын жагсаалтын суудлын тоо нам тус бүр дээр өсөх магадлалттай.