Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл гацаанаас гарвал...

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-04-25 14:52:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он удаан жил яригдсан, стратегийн ач холбогдол бүхий томоохон мега төслүүдийн нэг, манай улсад хамгийн их хэрэгцээ шаардлагатай, хүлээлтэд байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт ирэх зун эхлэх сураг гарлаа. Энэ төслийн барилгын бэлтгэл ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг хамарсан талбайд Ховд голын урсцыг түшиглэж уг усан цахилгаан станц баригдах юм.


2021 онд энэ төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл шалгарсан бөгөөд гэрээний хэлэлцээрт 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулна, зарим зардлыг улсын төсвөөс гаргана, туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллаж, төслийг 61 сарын хугацаанд европ стандартын дагуу хийж гүйцэтгэнэ гэж тусгасан.


Баруун бүсийн хувьд импортын эрчим хүчний хамаарлаас гарах нь хамгийн гол асуудлуудын нэг. 1964 онд ЗХУ-ын Электросеть институт хамгийн анхны урьдчилсан судалгааг хийснээс хойш эдүгээ 60-аад жилийн түүхийг бичсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийг 2015 онд байгуулсан юм. 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үед Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт ажиллахдаа тус төслийн явцтай танилцаж, иргэдтэй уулзсан. Энэ үеэрээ “Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд гаднаас эрчим хүчээ худалдаж авдаг байдлаа бид өөрчлөх хэрэгтэй байна. Тэр ч байтугай эрчим хүчээ экспортолдог улс болох ёстой.  Тийм учраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулах ёстой. Энэ станцыг дагаж баруун таван аймаг, Эрдэнэбүрэн сум хөгжинө. Өсч байгаа хэрэглээгээ дагаж шинэ үйлдвэрлэлүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Эрчим хүчгүйгээр хөгждөг улс гэж байхгүй. Эсэргүүцэж байгаа иргэд маань үүнийг ухаантай тунгааж бодохыг хүсье. Эрчим хүч бол Үндэсний аюулгүй байдалд хамаардаг учраас эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс бүрэн хангадаг байх, цаашлаад экспортлогч орон болохыг бид зорьж байна. Үүнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үүрэг өндөр” гэдгийг онцлон төслийг хугацаанд дуусгахад анхаарч ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгоод ирсэн юм. Хамгийн гол нь усан цахилгаан станц Эрдэнэбүрэнгийн байгаль экологид  ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосныг Ерөнхийлөгч тэмдэглэж байсан.


                                    Усан цахилгаан станц байгаль экологид сөрөг нөлөөгүй

Мэргэжлийн байгууллагууд энэ төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гурван удаа хийхэд сөрөг нөлөөлөл бага гэсэн дүгнэлт гарчээ. Харин ч агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ гэж буй юм. Дэлхийн улс орнуудад дундаж хур борооны тунадас 880 мм байдаг бол манайд дунджаар 47-240 мм хур тунадас унадаг, маш хуурай уур амьсгалтай. Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн 4 сумын уулзвар нутагт станц баригдсанаар тухайн бүс нутаг орчимд нуур үүснэ гэж тооцоолсон. Усан толионоос үүдэлтэй ууршилт Ховд, Хар ус нуурын сав газарт хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, хөрсөнд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Тэр ч байтугай хиймэл нуур үүссэнээр загас үржих боломжтой болно, тухайн орчимд усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж буй.


Хэдийгээр нутгийн иргэдтэй зөвшилцөх ажил үргэлжилж байгаа ч эсэргүүцэлтэй тулгарсаар л байгаа. Тухайн бүс нутагт амьдарч буй нийт 270 өрхийг 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажил одоо ч үргэлжилж байна. Энэ ажил удаашрах болсны учир нь байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэсэн буруу ташаа ойлголт тухайн нутгийн иргэдийг газраа чөлөөлөхгүй удахад хүргэсэн. Гэвч усан цахилгаан станц бол байгальд хамгийн аюулгүйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг эх үүсвэр гэдгийг олон туршлага харуулдаг.


Нүүрсэн галлагаат буюу ДЦС-ын хувьд агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлдэг учир дэлхий нийтээр энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрээс бага багаар татгалзаж сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах болсон.  Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай улсын онцлогт хамгийн их тохирсон нь усан цахилгаан станц гэдэг. 


Гол усны урсац болоод түүх соёлын өвд сөргөөр нөлөөлөхгүйн дээр тухайн бүс нутаг, цаашилбал Монгол Улсын эдийн засаг, аюулгүй байдалд дэм болох станц бий болоход ойрхон байна. Үүний тулд иргэд ойлголтын зөрүүгээ арилгах юу юунаас чухал билээ. Ер нь дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчний зардал УЦС-ынхаас өндөр байдаг учир айл өрх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг байна. Ингэснээр үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх суурь болох юм. Энэ мэтээр маш олон талаас нь судалгаа шинжилгээ хийж, ямар нэгэн хор хохирол үзүүлэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачдын баг тогтоогоод, иргэдийг хохироолгүй нүүлгэн шилжүүлье гэж төр засгийн хэмжээнд ч, төслийн багийн зүгээс ч чармайж байна. Тийм ч учраас том чадалтай энэ УЦС-ыг барьж байгуулах ажлыг түргэвчлэхэд иргэдийн дэмжлэг, зөв ойлголт асар их хэрэгтэй байгаа юм.


Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн ашигтай тооцоо

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: “2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг хангана. Хятадын ЭКСИМ /Экспорт-Импорт/ банк, Худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ын мэдээллийг хүргэж батлуулах ажил одоо явагдаж байгаа. Цар тахлын улмаас БНХАУ-ын талд хөл хорио удаан хугацаагаар үргэлжилсэн нь банкны зээлийн судалгааны ажил удаашрахад нөлөөлсөн” гэж тайлбарласан. 250 сая ам.доллароос дээш дүнтэй гадаадын хөрөнгө оруулалтыг урд хөрш Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг хуулийн зохицуулалттай.


Хятад Улсын Төрийн зөвлөлөөр дэмжигдсэний дараа энэ оны хоёрдугаар улиралд багтаан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээрийг хийх үр дүнд хүрсэн. 2023-2024 онд бэлтгэл ажлыг бүрэн хийгээд Монгол Улсын Засгийн газраас УЦС барьж байгуулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлбэл Хятадын талаас ямар нэгэн саатах зүйлгүй ажил эхэлнэ гэж ойлгож болох юм. Энэ бүхэнд бас багагүй хугацаа шаардагдана гэж төслийн багийн зүгээс хэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын урд хөршид хийх айлчлалын үеэр энэ асуудал нааштай шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн зун БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах үеэр манай улсын Засгийн газрын тэргүүн энэ төслийн санхүүжилтийн талаар мөн ярилцсан юм. Тухайн үед Ерөнхий сайд, "Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төслүүд болох Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг уулзалтын үеэр шийдвэрлэсэн. Манай талаас бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Нэг ёсондоо, Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн” гэж байв.


Манайд одоогоор 10 орчим усан цахилгаан станц ажиллаж байгаагаас Тайшир, Дөргөний УЦС нь дунд оврынх, бусад нь бага чадлынх. Одоо баруун таван аймаг эрчим хүчнийхээ 74 хувийг ОХУ-аас, 2 хувийг нь БНХАУ-аас импортолдог. Үүндээ 20 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Үлдэх 24 хувийг “Дөргөн” УЦС-аас авч байна. Эрчим хүчний импортод манай улс жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна гэдэг бол бага тоо биш.


Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 мВт хүчин чадалтай байх юм. Өөрөөр хэлбэл, баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангаад зогсохгүй төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх хэмжээний хүчин чадалтай станц бий болно гэсэн үг. Энэхүү анхны томоохон усан цахилгаан станцыг байгуулснаараа ОХУ-аас 1 кВт/цаг эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдаж авдаг байдал эрс өөрчлөгдөж, 1 кВт эрчим хүчийг 40 орчим төгрөгөөр үйлдвэрлэх боломжтой болно.


Станцын барилгын ажлын явцад 1000 орчим түр ажлын байр, барилгын ажлын дараа 60-80 байнгын ажлын байр бий болох юм. Орон нутгийн эдийн засагт өгөөжөө өгөх бүтээн байгуулалт. Мөн бусад олон төрлийн бизнес бий болох, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд тооцож байна. Ер нь баруун аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ хангалттай нэмэгдэхгүй байгаа нь эрчим хүчний хомсдолтой шууд холбоотой ч гэж үздэг. 



Нөхөн олговор төсөвт

Нөлөөллийн бүс дэх айл өрхүүдэд нөхөн олговор өгөх асуудлыг Засгийн газраас байж болох хамгийн боломжит хувилбараар шийдэж төсөвт суулгахаар болсон. Иргэдэд нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх ажлыг 2023, 2024 онд багтаан дуусгана гэж байгаа.


Мөн соёлын өвийг авран хамгаалах ажиллагааг 2023, 2024 онд хийж дуусгах юм. Усан сангийн талбай дахь 84 байршлын 206 түүх соёлын дурсгалыг авран хамгаалахад багагүй хөрөнгө мөнгө зарцуулах тооцоо гарсан. Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний тогтоолыг баталж,

  • УЦС-ын техникийн хяналтын зардал 5 орчим сая ам.долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгах,
  • Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл 4 орчим тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгах,
  • 1,241 иргэнд олгох нэг удаагийн нөхөн төлбөр 13.3 тэрбум төгрөгийн үлдэгдлийг 2024 онд багтаан дуусгах,  
  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн нөлөөлөлд автах соёлын өвүүдийг хамгаалахад шаардлагатай 6 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгах шийдвэр гаргасан.

Эрчим хүчний дутагдалтай болоод удсан, түүнийгээ импортоор нөхөж байгаа манай улсын хувьд ойрын хугацаанд энэ асуудлаа шийдэж авахгүй бол эрчим хүчний импортын хэмжээ улам л нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд байнга сануулах болсон. Жилд эрчим хүчний хэрэглээ дунджаар 5-7 хувиар нэмэгдэж байгаа гэсэн тооцоо бий. УЦС-ыг барьж байгуулаад, импортын эрчим хүч авдаггүй болж, хэзээ мөдгүй аюулд өртөхөд бэлэн гэгдэх болсон эрчим хүчний салбартаа дэм болох цаг дөхөж байна. 

Холбоотой мэдээ