Буугч төхөөрөмжөө Саран дээр газардуулах Японы компанийн оролдлого амжилтгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-26 11:19:27

ТОКИО. /Kyodo/Сарнаа явагч судалгааны төхөөрөмжөө газардуулж чадсангүй гэж Японы ISpace” компани мэдээллээ. Токиод төвтэй тус компани судалгааны "ровер" болон теннисний бөмбөгний хэмжээтэй жижиг роботыг буугч аппарат нь  амжилттай газардуулж, сансрын аппаратаа Саран дээр буулгасан анхны хувийн компани болно гэж найдаж байв. 


Саран дээр газардахаас хэдхэн минутын өмнө буугч төхөөрөмж “Hakuto-R”-тэй холбоо тасарчээ. "Холбоо тасарсан тул бид сарны гадаргуу дээр газардаж чадсангүй гэж үзэхээс өөр аргагүй боллоо" гэж “ISpace”-ийн гүйцэтгэх захирал Такеши Хакамада компанийнх нь инженерүүд буугч аппараттай холбоогоо сэргээхийг оролдож байх хооронд мэдээлсэн байна.  


Одоо инженерүүд юунаас болж холбоо тасарсныг тодруулахаар ажиллаж байгаа аж.


Хакамадагийн хэлснээр, буугч аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сард SpaceX” компанийн пуужингаар Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд сансарт гүйцэтгэх 10 даалгаврын наймыг нь гүйцэтгэжээ. Эдгээр даалгаврын үр дүнг сарны модулийг газардуулах дараагийн оролдлогод бэлтгэхэд ашиглах аж. Дараагийн нислэгийг 2024 онд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнд зориулан сансрын хөлөг бүтээх ажил хэдийнээ эхэлсэн гэж Хакамада мэдээлжээ.


Hakuto-R” төхөөрөмж саран дээр амжилттай газардсан бол Японы сансрын хөтөлбөрт нэмэлт түлхэц өгөх байлаа.  Япон улс сансрын үндэсний технологио хөгжүүлэх том зорилт тавьсны дотор энэ арван жилийн эцэс гэхэд сансрын нисгэгчээ Сар луу илгээх төлөвлөгөөтэй байгаа билээ.  


Одоогийн байдлаар АНУ, ЗСБНХУ, Хятад улс л Сарны гадаргуу дээр сансрын аппаратаа амжилттай буулгаж чадсан бөгөөд эдгээр хөтөлбөр нь төрийн санхүүжилтээр хэрэгжсэн юм. Харин Энэтхэг, Израилын хувийн компанийн оролдлогууд амжилтгүй болжээ.

Холбоотой мэдээ